"НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР" ОНӨТҮГ-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮД PMI MONGOLIA CHAPTER-ИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

PMI Mongolia Chapter-ийн 10 дахь удаагийн олон улсын бага хурал “Хиймэл оюуны эрин үед хосолмол арга барилаар ажиллах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын инженер мэргэжилтн
PMI Mongolia Chapter-ийн 10 дахь удаагийн олон улсын бага хурал “Хиймэл оюуны эрин үед хосолмол арга барилаар ажиллах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын инженер мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.
Бага хурлын хүрээнд “Төслийн удирдлагад хиймэл оюуныг ашиглах нь”, “Хотын тулгамдсан асуудлыг төслийн удирдлагын аргачлал, ур чадвараар шийдвэрлэх нь”, “Стратегийн PMO-ны өсөлт: үнэ цэнийг бий болгох нь”, “Монгол Улсын тогтвортой өсөлт: мега төслийн хэрэгжилтэд эрсдэл, боломжийг удирдах нь”, “PMI-тай хамт мэргэжлийн хувьд өсөж хөгжих нь” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн боломжуудыг олон улсын жишиг, туршлагатай уялдуулан хэлэлцсэн юм.
“Монгол Улсын тогтвортой өсөлт: Мега төслийн хэрэгжилтэд эрсдэл, боломжийг удирдах нь” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Нэгдсэн төслийн удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар панелистаар оролцож, Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй 24 мега төслийн хэрэгжилтийн явц, төслийн удирдлагын шинэ бүтэц, аргачлалын онцлогийг танилцууллаа.
Тэрбээр эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор нийслэл 2024 онд Нэгдсэн төслийн удирдлагын газрыг байгуулж, олон улсын төслийн удирдлагын аргачлал болох PMBOK болон ISO стандартыг шат дараатай нэвтрүүлэн, төслийн чанарыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг онцлов. Мөн Нэгдсэн төслийн удирдлагын газар нь өөрийн хэрэгжүүлж буй төслүүдийг үр дүнтэй удирдан хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийслэлийн бусад харьяа байгууллагуудын төслүүдэд төслийн удирдлагын дэмжлэг, зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн юм.
Панел хэлэлцүүлгийн төгсгөлд PMI болон бусад мэргэжлийн холбоодтой хамтран ажилласнаар төслийн удирдлагын чадавхыг улам бэхжүүлж байгаагаа онцолж, хамтран ажилласан бүх талуудад талархлаа илэрхийллээ.