НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСӨЛ

2025.10.1964 үзсэн
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСӨЛ

Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг нь 2021 оны байдлаар 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам.долларт хүрсэн тухай судалгааг Эм Эм Си Жи байгууллагаас гаргасан байдаг. Энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ий

Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг нь 2021 оны байдлаар 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам.долларт хүрсэн тухай судалгааг Эм Эм Си Жи байгууллагаас гаргасан байдаг. Энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий 9 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт бөгөөд нийслэлийн хүн амын тоонд харьцуулбал нэг хүнд ногдох алдагдсан боломжийн өртөг 2,478,758 төгрөг болж байна.

Иймд нийтийн тээврийн хэрэгслийг төрөлжүүлэх, зорчилт ихтэй чиглэлүүдийн тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах зорилгоор “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай”, “Тусгай замын автобус /BRT/” зэрэг их багтаамжийн нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛ: ГҮЙЦЭТГЭЛ 38 ХУВЬ

Тус төсөл 38 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, хоёр буудлын барилга баригдах бөгөөд буудлуудын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Одоогоор 19 тулгуур баганаас 6 баганыг бүрэн угсарчээ.

Төслийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй буй бөгөөд нийт 88 хүний бүрэлдэхүүн, 15 машин, механизм ашиглан гүйцэтгэж байна.

“Моннис Инженеринг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бол дүүжин замын тээврийн технологийн салбарт 100 гаруй жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч Францын “Пома” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж техникийн удирдлага, гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц Улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байгаа бөгөөд одоогийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь буугаад байгаа юм.

УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ:БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартад нийцүүлэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA)-г Бүгд Найрамдах Солонгос Улсын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК гүйцэтгэж байна.

Төслийн оролцогч талуудыг тодорхойлох ажлын хүрээнд нийгэм-эдийн засгийн судалгааны ажил хийгдэж буй бөгөөд энэ хүрээнд 5 дүүргийн 48 хорооны иргэдийг хамруулсан олон нийтийн уулзалт зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн томоохон төсөл хөгжүүлэгчдийн төлөөллийн саналыг авч тусгаад байна.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 82.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСӨЛ: НЗДТГ, САНГИЙН ЯАМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд Тусгай замын автобус (BRT) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зөвлөх “Far East Mobility” компаниас тусгай замын автобусны коридорын харьцуулсан судалгаа, урьдчилсан төлөвлөлтийг хийсэн.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд боловсруулж, есдүгээр сард Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд 2026-2030 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Сангийн яам хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан, зээлийн хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангаж байна.

УЛААНБААТАР ТРАМ ТӨСӨЛД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор “Улаанбаатар Трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна. Тус саналд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зэргийг тусгасан байна.

Санал ирүүлэх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоот
Утас: +976 70110071
Цахим шуудан: ppp@ulaanbaatar.mn 

Command Palette

Search for a command to run...