ШЭНЖЭН ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ “БЭЙ СУПЕР ЗАХИРГААНЫ ТӨВ”-ИЙН ЦАМХГУУДЫГ ХОЛБОЛОО

Дэлхийн улс орнууд барилга байгууламжийн өнгө, загварыг жуулчдын анхаарлыг татах, хотын өнгө төрхийг тодорхойлох, өвөрмөц ялгамжийг бий болгох чухал хүчин зүйл хэмээн үзэх болсон. Үүний зэрэгцээ “хүн төвтэй, технологийн
Дэлхийн улс орнууд барилга байгууламжийн өнгө, загварыг жуулчдын анхаарлыг татах, хотын өнгө төрхийг тодорхойлох, өвөрмөц ялгамжийг бий болгох чухал хүчин зүйл хэмээн үзэх болсон. Үүний зэрэгцээ “хүн төвтэй, технологийн шийдэл хосолсон” төлөвлөлтийг нэвтрүүлэхэд ач холбогдол өгч дотоодын болоод олон улсын архитектор, инженер, мэргэжилтнүүдийг төсөлдөө татан оролцуулж хамтран ажиллах хандлага төлөвшөөд буй. Ингэснээр барилга бүр зөвхөн архитектурын бүтээл бус, соёл, технологи, инновацийн нэгдэл бүхий орчин үеийн цогц шийдэл болон хөгжиж байна.
Үүний нэг тод жишээ бол БНХАУ-ын Шэнжэн хотод хэрэгжиж буй “Бэй Супер Захиргааны төв”-ийн С цамхагийн төсөл юм. Төслийн загвар зургийг дэлхийд алдартай “Zaha Hadid Architects” боловсруулсан бөгөөд хүн ба байгаль орчны уялдаа, инженерийн дэвшилтэт шийдэл, хотын ирээдүйн дүр төрхийг нэгтгэсэн бүтээл хэмээн үнэлэгдэж байна.
Тус цамхаг нь 400 метрийн өндөртэй, хоёр давхар дулаалгатай шилэн фасадаар бүрхэгдсэн бөгөөд агааржуулалтын систем нь байгалийн болон хосолмол агааржуулалтыг зохицуулах аж. Шинэ барилга нь Шэнжэн хотын эдийн засгийн төв цэг болохоос гадна Гуандун, Хонгконг, Макао бүсүүдийг холбох дэлхийн хэмжээний технологийн төв болон хөгжих зорилготой.
Одоогоор барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд хоёр цамхгийг холбосон нийт 6000 тонн жинтэй ган хийцтэй коридорыг 119.15 метрийн өндөрт өргөж суурилуулсан байна. Уг коридор нь өргөн, хүнд, өндөр, нарийвчлалтай гэсэн дөрвөн онцлогтой бөгөөд хамгийн өргөн хэмжээ нь 78 метр, нийт жин нь 6000 тонн буюу ойролцоогоор 4000 автомашины нийт жинтэй дүйцэхүйц аж. Уг коридорыг 120 метр буюу 40 давхар орон сууцны барилгатай тэнцэх хэмжээтэй өндөрт өргөсөн гэнэ.
Төсөл хэрэгжсэнээр өдөрт 300,000 хүн хүлээн авах хүчин чадалтай, бизнес уулзалт, олон улсын хурал, үзэсгэлэн, соёлын арга хэмжээний танхим, орон сууц, тээврийн төв, ботаникийн талбай зэрэг иж бүрэн төлөвлөлттэй цогцолбор бий болох юм.