ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТӨВТ ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГ ХАНДЛАГА

2025.10.2866 үзсэн
ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТӨВТ ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГ ХАНДЛАГА

Өнөөдөр дэлхийн олон хот иргэдийн амьдралын чанар болон үйлчилгээний хүртээмжид тулгуурласан, хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах, алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих нөхцөлийг бүрдүүлсэн хот төлөвлөлт болох "о

Өнөөдөр дэлхийн олон хот иргэдийн амьдралын чанар болон үйлчилгээний хүртээмжид тулгуурласан, хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах, алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих нөхцөлийг бүрдүүлсэн хот төлөвлөлт болох "олон төвт хот" төлөвлөлт рүү шилжиж байна. Учир нь "нэг төвт" бүтэцтэй хотуудад тулгардаг замын түгжрэл, орон сууцны хомсдол, агаарын бохирдол зэрэг олон асуудлыг “олон төвт хот" төлөвлөлтөөр шийдвэрлэдэг.

Энэхүү санааг илэрхийлдэг үзэл баримтлал бол “20 минутын хот” концепц юм. Энэ нь хот байгуулалтын холимог бүсчлэл бүхий эрүүл, аюулгүй, таатай орчин нөхцөлд иргэд явганаар эсхүл дугуйгаар ажил, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж зэрэг өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнд 20 минутын дотор хүрэх боломжтой хот төлөвлөлтийн загвар юм. Ингэж төлөвлөснөөр автомашины хэрэглээ, түгжрэлийг бууруулаад зогсохгүй, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах ач холбогдолтой.

Энэхүү санаачилгыг хамгийн анх Парис хот “15 минутын хот” концепц нэрээр бодитоор хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Парист иргэд ажлаа хийх, хүүхдээ сургуульд хүргэх, дэлгүүр хэсэх, амарч зугаалах гээд бүгдийг 15 минутын дотор алхаж эсвэл дугуй унаад хүрэх боломжтой болжээ. Үүний үр дүнд автомашины хэрэглээ 40 орчим хувиар буурч, агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан аж.

Мөн амжилттай хэрэгжүүлсэн томоохон жишээнүүдийн нэг бол Хятадын зүүн хэсэг, Жэжян мужийн төв Ханжөү хот юм. Хятад улсад хотжилт хурдацтай өрнөснөөр олон хот төвлөрсөн бүтэцтэй хөгжиж, төвийн бүсийн түгжрэл, байгаль орчны бохирдол зэрэг нийтлэг асуудалтай тулгарсан. Харин Ханжөү хот 2000 оноос эхлэн “олон төвт хот”-ын бодлого хэрэгжүүлж, энэ асуудлыг амжилттай шийдэж чадсан юм. Тэд үндсэн бизнесийн төвөөс гадна аж үйлдвэрийн болон боловсролын томоохон дэд төвүүд Сиаша, Жяннань, Линьпинийг дэмжих жижиг дагуул төвүүдийг бий болгосон.

Эдгээр дэд төвүүдэд их, дээд сургууль, технологийн парк, аж үйлдвэрийн бүс байгуулснаар хүн ам ба ажлын байрны шилжилт идэвхтэй өрнөжээ. Хэдийгээр эхний үед бүтэц нийгмийн үйлчилгээ хараахан бүрэн төлөвшиж амжаагүй байсан ч, 2012 онд метро төслийг хэрэгжүүлсэнээр эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн төдийгүй орон сууцны үнэ өсөхөд ч нөлөөлсөн байна. Жишээлбэл, 2018–2023 оны хооронд Ханжөү хотод метроны сүлжээний өргөжилттэй холбоотойгоор орон сууцны үнэ дунджаар 2.42%-иар нэмэгдсэн байна. Ханжөү хотын ДНБ 2001 онд 156.8 тэрбум юань байсан бол 2018 онд 1.3509 триллион юань болж өссөн байна.

Инновацийн компаниуд, их сургуулиуд, хувийн хөрөнгө оруулалт, орон сууцны зах зээл зэрэг нь шинэ дэд төвүүдийг хөгжүүлж, эдийн засгийн “амьд хүч”-ийг бий болгохын зэрэгцээ зам, метро, нийтийн үйлчилгээний сүлжээ эрчимтэй сайжирснаар дэд төвүүд хоорондоо бодит утгаараа холбогдож, хотын эдийн засгийн бүтэц тэнцвэржиж, дэд төвүүдийн бүтэц бодитойгоор төлөвшсөн байна. Тухайлбал, Линьпин төвийн ДНБ 2020 онд 305 тэрбум юаньд хүрч, харин Жяннань төв инновац ба технологийн салбараар тэргүүлжээ.

Энэхүү бодлогын үр дүнд Ханжөү хот төвлөрлийг бууруулж, олон төвт, ухаалаг, тогтвортой хөгжлийн загварыг бүрдүүлж чадсан хотуудын бодит жишээ болжээ.

  

Command Palette

Search for a command to run...