transport

“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ-ЫН УДИРДЛАГУУД БНСУ-ЫН ХАЛЛА ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮТНУУДТАЙ УУЛЗЛАА

2025.10.28105 үзсэн
“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ-ЫН УДИРДЛАГУУД БНСУ-ЫН ХАЛЛА ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮТНУУДТАЙ УУЛЗЛАА

Их багтаамжийн нийтийн тээвэр “Улаанбаатар метро” төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Бүгд Найрамдах Солонг

Их багтаамжийн нийтийн тээвэр “Улаанбаатар метро” төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Бүгд Найрамдах Солонгос Улсын “Халла” их сургууль хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад метроны салбарын инженер, мэргэжилтэн бэлтгэх анхны төсөл бөгөөд 2025 оны есдүгээр сарын 01-нээс ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуульд хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд метроны Механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, Барилгын инженерчлэл, удирдлага, хяналтын инженерчлэл, Дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр 80 орчим оюутан суралцаж байна. Мөн багшлах боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд ШУТИС-ийн найман багш “Халла” их сургуулийн онол-дадлага хосолсон зургаан сарын сургалтад хамрагдсан.

БНСУ-ын “Халла” их сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд өнөөдөр /2025.10.29/ “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ынхантай уулзаж, “Улаанбаатар метро” төслийн хэрэгжилт, боловсон хүчин бэлтгэх бодлого, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо. Энэ үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Захиргаа, хуулийн албаны дарга З.Батдорж “Улаанбаатар метро төслийн хүрээнд гурван талт санамж бичиг байгуулан инженер, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь төслийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, мэргэжлийн боловсон хүчнийг бий болгоход чиглэж байна” гэдгийг онцлов.

Харин БНСУ-ын “Халла” их сургуулийн захирал Ким Ын Гвон “Халла групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц болон инженерийн салбарт олон арван жилийн туршлагатай байгууллага юм. Бид метро төсөл төдийгүй бусад салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой” хэмээв.

Уулзалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын удирдлага, инженер, мэргэжилтнүүд болон “Халла” их сургуулийн ирээдүйн хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, дохиолол, холбоо, төмөр замын судалгааны чиглэлийн багш, эрдэмтэд, оюутан залуус оролцлоо. 

Command Palette

Search for a command to run...