“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХОЛБОО” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотод хэрэгжих их багтаамжийн нийтийн тээврийн төсөл болох метро, трамвай нь манай улсын хувьд шинэ төрөл учир хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд өнөөдөр “Нэгдсэн төслийн удирдлагын
Улаанбаатар хотод хэрэгжих их багтаамжийн нийтийн тээврийн төсөл болох метро, трамвай нь манай улсын хувьд шинэ төрөл учир хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд өнөөдөр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Монголын Төмөр замын инженерчлэлийн холбоо” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, НТУГ-ын захирал Э.Түвшинжаргал, холбооны гүйцэтгэх захирал Б.Баярсайхан нар гарын үсэг зурлаа. Талууд их багтаамжийн нийтийн тээврийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль, эрх зүй, олон улсын норм, стандартыг боловсруулж нэвтрүүлэх, үндэсний стандарт болгон батлуулах чиглэлд хамтран ажиллана.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Бидэнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нэн тэргүүнд тулгарч байгаа учир хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд ханцуй шамлан хамтарч ажиллах ёстой. Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд 15 стандарт батлагдсан хэдий ч, ашиглалтад орж иргэдэд үйлчлэх үед мөрдөгдөх журам, эрх зүйн орчин байхгүй байна. Иймд цаашид үүсч болзошгүй хүндрэлүүдийг урьдчилан тооцоолж, хууль эрх зүйн орчноо яаралтай шийдвэрлэх шаардлагатай”-г онцолсон юм. Мөн тэрээр Төмөр замын инженерчлэлийн холбооны мэргэшсэн инженер мэргэжилтнүүдийн зүгээс “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын ажилтнуудад мэдлэг туршлагаа хуваалцаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв.
“Монголын Төмөр Замын Инженерчлэлийн Холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Баярсайхан хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгохдоо “Төмөр замын салбарын хууль эрх зүйн орчин 2007 оноос шинэчлэгдэж, 100 орчим стандарттай болсон. Түүний зам, дохиолол холбооны стандартыг манай холбоо хамтарч орчуулсан. Бид хүнд даацын төмөр замын стандартыг орчуулаад байгаа бөгөөд боловсруулах шатандаа явж байна. Метро, трамвайн хувьд хүмүүсийг олноор нь тээвэрлэх учир аюулгүй байдлын стандарт хамгийн чухал. Төмөр замын суурь дэд бүтцийн төслүүд, бодлогын баримт бичиг боловсруулах, шинэ боловсон хүчин бэлтгэх зэрэг инженерийн хэрэгцээ шаардлага байгаа бүхий л чиглэлээр хамтран ажиллана” хэмээн тодотголоо.