“ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛ ЖИЛИЙН 106 МЯНГАН ТОНН НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙГЭЭР БАГАСНА

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал ялга
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал ялгарч байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хоногт 2915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв гарсан. Иймд Төр, Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК-ийн ТУЗ-ын дарга, Улаанбаатар хог шатаах үйлдвэрийн төслийн менежер, үйлдвэрийн дарга Танг Яа Ү нар гэрээнд гарын үсэг зурсан. Тус төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм. Тус компани нь хог шатааж эрчим хүч гаргах 12 үйлдвэр барьсан туршлагатай.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадал юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллар бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үйлдвэр ашиглалтад орсноор 86 байнгын ажлын байр, бүтээн байгуулалтын үед 300 гаруй түр ажлын байр бий болно. Мөн монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгах боломж бүрдэнэ. Үүнтэй зэрэгцэн төвлөрсөн хогийн цэгт булагдаж буй хогийн хэмжээ буурч, хүлэмжийн хийн ялгарал жилийн 106 мянган тонн нүүрсхүчлийн хийгээр багасна.
Технологийн хувьд олон улсын стандартад нийцсэн, байгальд хор нөлөөгүй, утаа, үнсийг 8 шатлалт шүүлтүүрээр цэвэршүүлдэг “SNCR” хосолсон шүүлтүүрийн систем ашиглана.
Хагас хуурай, хуурай процесс, идэвхжүүлсэн нүүрс шахах болон уутан шүүлтүүрийн систем нь утаа, тоосжит, хорт бодисыг бүрэн шүүж, байгальд ээлтэй ажиллагааг хангах юм.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барьснаар нийт 2,333 яндан, нүхэн жорлонг устгаж, Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлын цэгийг цөөлөх замаар хогноос үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, хог булшлах газрыг нөхөн сэргээж дахин ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.