МЕДЕЛЛИН ХОТЫН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМ

Колумбын Меделлин хотын "Metrocable" дүүжин замын тээврийн систем нь боловсрол, сургалтын чанарт үзүүлсэн эерэг нөлөөллөөрөө дэлхий дахинд алдартай аж. Учир нь, уулан дээрх болон хотын захын бүс нутагт оршин суудаг ирг
Колумбын Меделлин хотын "Metrocable" дүүжин замын тээврийн систем нь боловсрол, сургалтын чанарт үзүүлсэн эерэг нөлөөллөөрөө дэлхий дахинд алдартай аж.
Учир нь, уулан дээрх болон хотын захын бүс нутагт оршин суудаг иргэд боловсролын төвүүдээс тусгаарлагдмал байжээ. Энэ нь ажилд орох болон бусад боломжуудад хүрэхүйц түвшний хөдөлгөөн, хүртээмжийг хязгаарлаж, нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байв.
"Metrocablе" нь энэхүү нийгэм-орон зайн асуудлыг шийдвэрлэж, оршин суугчдад боломж руу чиглэсэн хурдан, найдвартай тээврийг нэвтрүүлснээр боловсролын салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирсан юм.
Хүүхдүүд болон оюутнууд сургууль, коллеж руугаа хүрэхийн тулд өдөрт 2 цаг зарцуулдаг байсан нь суралцах цаг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байв. Ийм байдал нь хичээл тасалдал, хоцрох шалтгаан болж, улмаар хичээл завсардахад хүргэж байжээ. Төсөл хэрэгжсэнээр зорчих хугацаа 30 минут болж оюутан, сурагчид тогтмол, найдвартай тээврийн хэрэгсэлээр хичээлдээ хүрч, суралцах цагаа нэмэгдүүлэх боломжтой болсон. Энэ нь сургалтын чанар сайжрах суурь нөхцөл болжээ.
Тээврийн системийг дагаад, буудлууд дээр шинэ номын сан, нийтийн соёлын төвүүд баригдсан. Энэ нь хүүхдүүдэд чөлөөт цагаараа нэмэлт хичээл хийх, аюулгүй орчинд цагаа өнгөрүүлэх боломжийг олгосон аж.
"Metrocable" төсөл нь Меделлиний хувьд "боломж олгосон" төсөл байв. Энэ нь аюулгүй байдал, алслагдмал бүс нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг олгож, нийгмийн ялгааг бууруулах томоохон алхам болсон байна.
Дашрамд дурдахад Меделлин хотын Metrocable төслийг амжилттай хэрэгжүүлсэн Пома групп Улаанбаатар хотод дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.