ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 46 МЕТРИЙН ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛЛАА

Нийслэлийн Яармаг дахь Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км-т Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд 7,5 - 42 метрийн өндөртэй нийт 19 тулгуур багана суурилуулахаас 14-ийг босгосон. Ө
Нийслэлийн Яармаг дахь Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км-т Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд 7,5 - 42 метрийн өндөртэй нийт 19 тулгуур багана суурилуулахаас 14-ийг босгосон. Өнөөдөр хамгийн өндөр буюу 46 м-ийн өндөртэй тулгуур баганыг суурилууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал болон бусад инженер, мэргэжилтнүүд төслийн талбайд ажиллаж, “ПОМА ГРУПП”-ийн инженер, менежерүүд болон туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн ажилтнуудтай уулзаж, уг төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах, ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах нь чухал гэдгийг тодотгов.
Энэхүү тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг учир тулгуур багануудыг суурилуулахдаа газар хөдлөлтийн эрсдэл, геологийн нөхцөл, хөрсний онцлог зэргийг тооцоолж, үндсэн сууриудыг 9-15 м-ийн гүнд олон улсын стандарт шаардлагыг хангаж бэхэлсэн байна. Тулгууруудын дор 4 - 6 суурь хийж бэхэлсэн бөгөөд үүний үндсэн дээр хүний нүдэнд харагдаж байгаа энэхүү механик угсралтын ажлуудыг гүйцэтгэж буйг төслийн инженерүүд тодотголоо. Мөн тус 46 м-ийн өндөртэй тулгуур багана нь цахилгаан шугам дээгүүр явах учир үүнийг суурилуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрсдэлийг тооцоолж ажилласныг инженерүүд онцолж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил өвлийн улиралд ч зогсохгүй үргэлжилж, 2026 оны 6 дугаар сарын 01 гэхэд ган татлагат троссыг татах, 8 дугаар сард кабинуудыг суурилуулна гэдгийг Францын мэргэжилтнүүд бидэнд хэлж байна. Дүүжин замын тээврийн бүх эд ангиудыг Францаас нийлүүлж байгаа бөгөөд кабины өнгө, дизайныг бид эцэслэн баталсан. Харин дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах аж ахуйн нэгж удахгүй байгуулагдаж, ажилтнуудыг сургалтад хамруулан мэргэжлийн баг бүрдүүлж ажиллуулна. Зарим хүмүүсийн зүгээс Дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт яагаад нэвтрүүлж байна вэ, тэргэнцэртэй иргэд хэрхэн суух вэ зэрэг асуултыг тавьж байналээ. Үүнд Пома групп болон холбогдох мэргэжлийн хүмүүс анхаарч, тодорхой зохицуулалт, орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа.
Мөн энэхүү төслийн дараагийн шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажил хийгдэж байна. Бидний судалж буйгаар хоёр дахь трассын маршрут бол хамгийн их автомашины хөдөлгөөн ихтэй, мөн нийтийн тээвэр бараг зорчдоггүй чиглэл болох Маршалын гүүрний зүүн хойд талын талбайгаас буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалган дээрээс хойшоо Имарт дээр нэг буудалтай, цаашаа Шангрилагийн баруун талд буюу Нацагдоржийн хөшөөний суурин дээр ирэх чиглэлийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
Энэ удаад төслийн зээлийн талаар олон нийтэд тодохой мэдээлэл өгмөөр байна. Энэ төсөл бол үндсэндээ хүүгүй. Учир нь жилийн 0.0076 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай, бид 12 жилийн дараа төлбөрийг төлж эхэлнэ. Энэ бол хөгжлийн зээл гэж ойлгож болно. Арилжааны нөхцөлтэй зээл биш. Тиймээс төслийн ашиглалтыг сайжруулах нь чухал. Өр зээл, өрийн дарамт гэдгээс ялгаатай ойлголт юм” хэмээн тодотголоо. Мөн энэхүү томоохон бүтээн байгуулалтыг өвлийн улиралд ч үл ажран тасралтгүй ажиллаж байгаа төслийн ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд маань жилийн 4 улирлын турш ажиллаж байна. Өвөл ажилласны дараа зун троссоо татна, намар туршилт хийж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, кабинууд эргэлдэж явна. Улмаар 11 сар орчимд зорчигчоо авна гэсэн төлөвлөгөөтэйг Хотын дарга мэдээллээ. Мөн 2026 оны 6 дугаар сараас эхлээд 40 метрийн өндөрт тросс сүвлэх ажил хийгдэнэ. Тросс сүвлэхэд кран ашиглахгүйгээр даацын дрон троссыг үмхэж, сүвлэгч рүү хийх шинэ технологи манайд нэвтэрнэ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд төлөвлөсөн цаг хугацааны дагуу явагдаж байгааг онцолсон.
БНФУ-ын “Пома групп”-ийн Монгол Улс дахь төслийн менежер Cециле Жульетте Брои “Дүүжин замын тээврийн троссыг татахдаа хамгийн сүүлийн үеийн дрон ашиглана. Цахилгааны хүчдэлд нөлөөлөхгүй байх мэргэжлийн тусгай дроныг Францаас оруулж ирнэ. Мөн кабель сүвлэхэд 5-6 хүн оролцох бөгөөд 1-2 хүн нь монголчууд байх юм. Бид кабель сүвлэх мэргэжилтнийг сургаж бэлтгэнэ” гэв.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Францын тал гурван жилийн хугацаанд сургалт, засвар үйлчилгээ, сэлбэг гээд бүх зүйлийг давхар хийж гүйцэтгэнэ. Гурван жилийн дараа Монголчууд 100 хувь системээ хариуцах чадвартай болох хэмжээнд бэлтгэгдэж байна. Яг одоо энэхүү тулгуур баганыг суурилуулж буй инженерүүд өндрийн сургалтанд хамрагдсан” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон 18 төсөл хэрэгжиж буйгаас Төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг зэрэг олон төрлийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж буй. Мөн нийтийн тээврийн хуулийн төсөл боловсруулах ажил эхэлж байгаа бөгөөд дүүжин замын тээврийн хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.