ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦАД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Яармаг Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7,5 - 46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320
Нийслэлийн Яармаг Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7,5 - 46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэнэ.
Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч ПОМА ГРУПП-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж буй. Төслийн бүтээн байгуулалтын үе шат бүрд Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/ болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангитай тогтмол хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмжийг тогтмол авч хэрэгжүүлж байна. Тулгуур баганы суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй үе шатуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг НОБГ-аас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж ажиллаж байна. Цаашид “POMA GROUP” нь ОБЕГ болон төслийн ашиглалтын байгууллагатай хамтран зорчигчийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний дадлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дүүжин замын тээврийн ашиглалтыг хэн хариуцах вэ?
"Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ байгуулж, дүрэм батлах тухай НИТХ-ын 25/91 дугаартай тогтоол 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ-ын бүтцийн зохион байгуулалт, орон тоог батлах тухай НЗД-ын А/1490 дугаартай захирамж гарсан. Тус байгууллага дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг хариуцан ажиллана.
Тус төсөл ашиглалтад орсноор ямар хууль, стандартаар зохицуулах вэ?
Монгол Улсын хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 413 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрддөг. Мөн Нийслэл Улаанбаатар хотод Дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг 2023, 2024 онд MNS болгон нутагшуулан батлуулсан. Түүнчлэн Их багтаамжийн нийтийн тээврийн хуулийн төслийн хүрээнд Дүүжин замын тээврийн системийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Европын улс орнуудад дүүжин замын тээврийн системд тусгайлан зориулсан хууль эрхзүйн орчин байдаггүй бөгөөд дээрх "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага"-ын стандартыг мөрддөг байна.
Тог тасарсан үед зорчигчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Систем нь цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератороор тоноглогдсон. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүйгээр гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
Туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил
Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ.
Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай бөгөөд туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгана.