ОРЧИН ҮЕИЙН ХОТЫН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ГРАНД СЕНТРАЛ ТЕРМИНАЛ

1900-аад оны эхээр галт тэрэгний зүтгүүрийн утаа, дуу чимээг багасгахын тулд Нью Йорк хотын Гранд Сентрал терминалыг барьж замыг бүхэлд нь газрын гүнд оруулж, эрчим хүчээр хангасан нь тухайн үеийн технологийн амжилт байв
1900-аад оны эхээр галт тэрэгний зүтгүүрийн утаа, дуу чимээг багасгахын тулд Нью Йорк хотын Гранд Сентрал терминалыг барьж замыг бүхэлд нь газрын гүнд оруулж, эрчим хүчээр хангасан нь тухайн үеийн технологийн амжилт байв.
Терминалын газрын эрхийг худалдаалснаар Манхэттены Мидтаун хэмээх орчин үеийн бизнес, худалдааны бүс үүсэх үндэс суурийг тавьсан байна. Өөрөөр хэлбэл, терминал нь тээвэр төдийгүй, өндөр барилга бүхий хотын шинэ хэсгийг бий болгосон гэсэн үг юм.
Хожим 1960-аад онд нураах аюул тулгарч байсан ч олон нийтийн болон түүхчдийн хүчин чармайлтаар хадгалан үлдэж, улмаар 1990-ээд онд бүрэн сэргээн засварласан нь зөвхөн архитектурын үнэт өвийг хадгалсан төдийгүй, тус бүсэд эдийн засгийн шинэ сэргэлт, ажлын байрыг бий болгосон байна. Өнөөдөр терминалын тансаг заал, олон төрлийн ресторан, дэлгүүрүүд нь зөвхөн зорчигчдод төдийгүй, хотын иргэд болон жуулчдад зориулсан амьдралын тав тухтай, соёлын төв болж үйлчилж байна.
Түүнчлэн орчин үеийн төмөр зам болон метроны өртөөний төслүүд нь тээвэрт суурилсан хөгжүүлэлтийн загварыг баримталж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлсээр байна. Тухайлбал, Сиднейн метроны шинэ буудлуудын эргэн тойронд орон сууц, сургууль, үйлчилгээний төвүүдийг нэг дор төлөвлөж, хүмүүст ажил, гэр, үйлчилгээний газруудаасаа холгүй амьдрах боломжийг олгож байна. Ингэснээр түгжрэлд өнгөрөөх хугацааг хэмнэж, гэр бүлдээ болон өөртөө зарцуулах цагийг нэмэгдүүлжээ. Мөн хотын захын дүүргүүдийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулсан байна.