ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР БУЛШЛАХ ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ 8 ХУВИАР БУУРНА

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж байна. Иймд хогийн цэгийг түшиглэн хог
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж байна. Иймд хогийн цэгийг түшиглэн хог хаягдлыг шатаах замаар эрчим хүч гарган авах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг хэрэгжүүлнэ.
Үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатааж устгах боломж бүрдэнэ. Мөн хогийг шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэх тул хог хаягдлыг экологийн хувьд аюулгүйгээр устгаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжийг давхар бий болгох юм.
Үүнтэй зэрэгцэн цаас, хуванцар, шил, металл зэрэг материалыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр төвлөрсөн хогийн цэгт очих хог хаягдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой юм. Урьдчилсан төлөвлөгөөний дагуу 2040 он гэхэд Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулалтанд оруулж, дахин боловсруулах боломжгүй үлдсэн 42 хувийг шатааж устган эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд ингэснээр төвлөрсөн хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээ 5-8 хувь хүртэл буурахаар байна. Хотын хэмжээнд хог ангилал, дахин боловсруулалтын хэмжээ нэмэгдэх тусам шатаах шаардлагатай хогийн эзлэх хувь буурч, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах давуу талтай. Энэ нь дэлхийн томоохон хотуудын баримталдаг тогтвортой хог хаягдлын менежментийн бодлоготой нийцэж байгаа аж.
Түүнчлэн хогийг дарж булшлах аргаас татгалзаж, агаарын бохирдол, хөрсний бохирдол, үнэрт бодисын ялгарал болон метан хий үүсэх эрсдлийг бууруулах байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр зөвхөн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах төдийгүй нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах урт хугацааны чухал шийдэл болохыг онцолж байна.