transport

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НЫ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦЭЖ ЗАСВАРТАЙГААР ДЭМЖЛЭЭ

2025.12.15159 үзсэн
“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НЫ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦЭЖ ЗАСВАРТАЙГААР ДЭМЖЛЭЭ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль, холбогдох журам, мөн олон улсын стандарта

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль, холбогдох журам, мөн олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж дуусжээ. Улмаар уг нарийвчилсан үнэлгээний тайланг өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 16-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, засвартайгаар батлахаар дэмжсэн байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК хамтран гүйцэтгэсэн тус тайланд төслийн барилга угсралт болон ашиглалтын үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх болзошгүй нөлөөлөл, эрсдэлийг тодорхойлон, тэдгээрийг бууруулахад чиглэсэн хамгааллын арга хэмжээ, байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Мөн нарийвчилсан үнэлгээний хүрээнд төслийн ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах зорилгоор нийслэлийн 5 дүүргийн 48 хороонд иргэд, нийтийн уулзалт зохион байгуулж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг үнэлгээний тайланд тусган ажиллажээ. 

Мэргэжлийн зөвлөлийн хурлаар төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамгааллын бодлого, түүнчлэн байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн зохицуулалтыг дэлгэрэнгүй хэлэлцсэн бол төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгмийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт, мониторинг хийх зохицуулалтыг тусгасан талаар “Эко Натур” ХХК-ийн төлөөлөл онцоллоо.

“Улаанбаатар метро” төсөл нь нийслэлийн нийтийн тээврийн системийг шинэ шатад гаргах, улмаар байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм.

Төсөл хэрэгжсэнээр нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 213.6 мянган тонн, азотын исэл жилд 400 тонноор тус тус буурч, хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөөлөл үзүүлэхээр байна. Нийгмийн хувьд автомашинаар зорчиход 142 минут зарцуулдаг зайг метрогоор 32 минутад туулах боломж бүрдэхийн зэрэгцээ автозамын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг жилд 600 сая доллар орчим бууруулах, өртөө орчимд 150 гаруй жижиг, дунд бизнес, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болох юм.

Түүнчлэн төслийг ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр шинээр бий болох урьдчилсан тооцоо гарчээ.

Command Palette

Search for a command to run...