building

2025 ОНЫ ТОЙМ: ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЭЦ

2025.12.29209 үзсэн
2025 ОНЫ ТОЙМ: ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЭЦ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зохион байгуулагдаж, дэлхийн 21 орны 43 багаас хоёрдугаар шатанд шалгарсан 24 шилдэг багийн бүтээлүүдээс 5 шилдэг бүтээлийг тодруулсан. Оролцогчд

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зохион байгуулагдаж, дэлхийн 21 орны 43 багаас хоёрдугаар шатанд шалгарсан 24 шилдэг багийн бүтээлүүдээс 5 шилдэг бүтээлийг тодруулсан. Оролцогчдын бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэн гарснаар иргэд, мэргэжилтнүүдэд хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулах боломж бүрдэв. Энэхүү уралдаан нь хотын төлөвлөлтөд шинэ санаа, шинэлэг шийдлийг нэвтрүүлэхэд чухал түлхэц болсон юм.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүннү хотын эдэлбэр газарт дэд бүтцийн бүтээн байгуулалтын хэд хэдэн томоохон ажил амжилттай хэрэгжиж, улсын комисс хүлээн авсан. Тухайлбал, хотын цахилгаан хангамжийг найдвартай болгоход чиглэсэн 35/10 кв-ын “Хөндий” дэд станц ашиглалтад орж, түүнтэй холбогдсон 15.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам баригдсан нь хотын эхний ээлжийн орон сууц, үйлчилгээний төвүүдийн цахилгаан хангамжийг найдвартай хангах чухал дэд бүтэц болжээ.

Иргэдийн эрүүл, найдвартай усны хэрэглээг хангах үүднээс цэвэр усны эх үүсвэрийн бүтээн байгуулалт мөн үргэлжилсэн бөгөөд 5 гүний худаг, ус өргөх насос, нийт 16 км урттай ус хангамжийн гол шугам баригдаж ашиглалтад орсон байна. Энэ нь Хүннү хотын ирээдүйн ус хангамжийн сүлжээг өргөжүүлэх, хотын хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах суурь болсон юм.

Үерийн хамгаалалтын дэд бүтцийн хүрээнд хотод төлөвлөсөн дөрвөн сувагны нэг болох нисэх буудлын зүүн хойно байрлах 4.9 км урттай үерийн хамгаалалтын суваг улсын комиссын хяналтанд ашиглалтад орж, хотын төв болон нисэх буудлын ойр орчмын үерийн аюулгүй байдлыг хангах, ус зайлуулах тогтолцоог сайжруулах чухал бүтээн байгуулалт болжээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажил нь Хүннү хотын ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс суурь болон, хотын төлөвлөлт, инженерийн шийдлийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд ирэх жилүүдэд хотын хөгжлийг дэмжих нэмэлт дэд бүтцийн ажлууд үе шаттайгаар үргэлжлэх юм.

Хүннү хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, тус хотыг эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.

***


 

Command Palette

Search for a command to run...