“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН I, II ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ САНАЛ АВЧ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар трамвай” төслийн I болон II шугамын ба
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар трамвай” төслийн I болон II шугамын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах санал авч эхэллээ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон иж бүрэн судалгаа, шинжилгээний ажил бүрэн дуусч, ийнхүү барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах шатанд шилжээд байна.
Төслийн нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 16 зогсоолтой, хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 23-н зогсоолтой, зарим зогсоолд худалдаа үйлчилгээний төвтэй байхаар, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл нь “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” (DBFOM) хэлбэрээр оролцох юм.
Энэхүү сонгон шалгаруулалт нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан хэлбэрт хамаарах бөгөөд шалгарсан хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалт үйлчилгээг хариуцах, улмаар гэрээний хугацаа дуусмагц төслийг төрийн байгууллагад шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ.
Сонгон шалгаруулалтад оролцох этгээд нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эрх зүй, санхүү, техникийн шаардлагыг бүрэн хангах бөгөөд төслийн хөгжүүлэлтийн хүрээнд хийгдсэн “Бүрэн шинжилгээ” (Due Diligence)-тэй холбоотой зардлыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх шаардлагатай.
Улаанбаатар трамвай төслийн нэгдүгээр болон хоёрдугаар шугамын сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг доорх хаягаар аваарай.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар “Улаанбаатар түншлэл төв” ХХК,
[Хариуцах ажилтны нэр]: Б.Мустафа
[Утас, факсын дугаар]: 95111933