ТОЙМ: НИЙТИЙН ТЭЭВЭР

2026.01.1176 үзсэн
ТОЙМ: НИЙТИЙН ТЭЭВЭР

БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ӨРТӨӨ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас ачаа барааг төвлөрсөн байдлаар түгээх дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай-Хүн

БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ӨРТӨӨ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА  

Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас ачаа барааг төвлөрсөн байдлаар түгээх дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр зам барьж байгуулна. Тус төмөр зам нь нийт 102.8 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөг бүхий 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Энэхүү салбар төмөр зам нь ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах үндсэн дэд бүтцийн суурь болох юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 орчим хувьтай байгаа бөгөөд цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан 2026 оны гуравдугаар сарын 15-наас талбайн ажлыг дахин эхлүүлэхээр төлөвлөж, инженер техникийн ажилтнууд барилга угсралтын ажлын талбайн бэлтгэлийг хангаж байна. Дашрамд дурдахад, Хүннү хот чиглэлд тавигдаж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна. 


ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН АЖЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулж, ингэснээр барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэнэ. Нарийвчилсан ажлын зурагт автобусны тусгайлсан эгнээ, буудлын төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрлэн дохионы шинэчлэлт, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн замын шинэчлэлт тохижилт, ухаалаг тээврийн систем (ITS), аюулгүй байдлын цогц шийдлүүдийг олон улсын стандарт, норм шаардлагын дагуу тусгахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж дууссан. Энэхүү төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг чиглэл нь хотын төв болон захын бүсүүдийг холбосон, хөдөлгөөний ачаалал өндөртэй гол замууд юм. 


УЛААНБААТАР ТРАМВАЙ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар трамвай” төслийн I болон II шугамын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах санал авах хугацааг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны 16 цаг болгон сунгалаа. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон иж бүрэн судалгаа, шинжилгээний ажил бүрэн дуусч, ийнхүү барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах шатанд шилжээд байна.
Төслийн нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 16 зогсоолтой, хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 23-н зогсоолтой, зарим зогсоолд худалдаа үйлчилгээний төвтэй байхаар, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл нь “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” (DBFOM) хэлбэрээр оролцох юм. Энэхүү сонгон шалгаруулалт нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан хэлбэрт хамаарах бөгөөд шалгарсан хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалт үйлчилгээг хариуцах, улмаар гэрээний хугацаа дуусмагц төслийг төрийн байгууллагад шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ. Сонгон шалгаруулалтад оролцох этгээд нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эрх зүй, санхүү, техникийн шаардлагыг бүрэн хангах бөгөөд төслийн хөгжүүлэлтийн хүрээнд хийгдсэн “Бүрэн шинжилгээ” (Due Diligence)-тэй холбоотой зардлыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх шаардлагатай.
Улаанбаатар трамвай төслийн нэгдүгээр болон хоёрдугаар шугамын сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг доорх хаягаар аваарай.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар “Улаанбаатар түншлэл төв” ХХК,
[Хариуцах ажилтны нэр]: Б.Мустафа
[Утас, факсын дугаар]: 95111933


УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро барьж байгуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2 дугаар шатны тендер зарлагдаад байна. Төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 1 дүгээр шатны тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээж, дэлхийн 6 улсын 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн. Үүний үргэлжлэл болгож төслийн 2 дугаар шат буюу Багц I-ийн тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 24-нд нээсэн бөгөөд уг тендерийг нээлттэй шалгаруулалтын аргаар, 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нээхээр төлөвлөсөн. Хоёрдугаар шатны тендерийг EPC+F нөхцөлөөр зарласан нь гүйцэтгэгч компани инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээх онцлогтой. Тодруулбал, Багц I-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг бөгөөд үүний 85 хувийг гүйцэтгэгч санхүүжүүлэх санал тендерийн хамт ирүүлэх, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Харин Багц II-ын тендерийг 2026 оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөж байна.


ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ГАН ТАТЛАГА ГААЛИЙН ТАЛБАЙД БУУЛАА

Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад тээвэрлэгдэн ирээд байна.
Тус ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент бөгөөд одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын шалгалт, хяналтын ажиллагаа хууль, журмын дагуу хийгдэж байна. Эдгээр ажиллагаа дуусмагц дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Техникийн үзүүлэлтийн хувьд, төсөлд 6 ширхэгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй бөгөөд өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан.

 

Command Palette

Search for a command to run...