АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

Нийслэлийн тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах, хөдөлгөөний саадгүй байдлыг хангах зорилгоор шинээр авто зам барих, одоо ашиглаж буй замуудыг өргөтгөн шинэчлэх, олон түвшний уулзваруудыг барих зэрэг бүтээн байгуу
Нийслэлийн тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах, хөдөлгөөний саадгүй байдлыг хангах зорилгоор шинээр авто зам барих, одоо ашиглаж буй замуудыг өргөтгөн шинэчлэх, олон түвшний уулзваруудыг барих зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үр дүнг тоймлон хүргэж байна.
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМЫН ТӨСӨЛ НЬ ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТ ШИЙДЭЛ БОЛНО
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна. Тус төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 хороо буюу нийт 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Автозамын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг сааруулах ач холбогдолтой юм. Мөн автозамын трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойн төлөвлөлтийг цогцоор нь шийдвэрлэж, хот байгуулалтын зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэнэ. “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, шатахуун зарцуулалт багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.
“ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТРАССЫГ СОНГОХДОО ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ, БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ЧУХАЛЧИЛСАН
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилготой “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь нийт 50 гаруй километр үргэлжлэх бөгөөд хотын захын бүсүүдийг холбосон тээврийн шинэ коридор болж, ирэх 10-20 жилийн хөдөлгөөний эрчмийг даах чадвартай инженерийн иж бүрэн шийдэл байх юм. Төслийн хүрээнд Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн. Үүнээс “Шинэ их тойруу” хэмээн тодотгож буй “Хоёрдугаар тойрог” зам нь 21.6 км урттай байхаар зураг төсөл нь гарчээ. Хоёрдугаар тойрог зам төсөл нь хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам зэрэг гол тээврийн коридоруудтай шууд холбосноор төвийн замын ачааллыг 50 хувь багасгана. Төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн "Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп" ХХК боловсруулсан. Замын трассыг сонгохдоо инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг нэн тэргүүнд чухалчилсан байна. Тухайлбал, байгалийн нөөц газар, чийглэг бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг “улаан шугам”-ыг тойрч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн байна. Мөн хог хаягдал бүхий цэг, ашиглагдаагүй хуучин коридоруудыг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт гаргахын зэрэгцээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хэсгүүдийг дэд бүтцээр дамжуулан сэргээх боломжийг тусгажээ.
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 15 ХУВЬТАЙ БАЙНА
“Туулын хурдны зам” төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Одоогийн байдлаар төслийн түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажил 32.4 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ хүрээнд ажилчдын байр, оффис, туршилтын лабораторийн зориулалт бүхий барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурийн ажил зэрэг байгууламжуудыг барьж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн талбайн түр барилга болон технологийн түр замын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар геодезийн хэмжилт бүрэн дуусаж, инженер-геологийн судалгааны хүрээнд 40 цооног өрөмдөж, хөрсний нарийвчилсан шинжилгээг хийжээ. Уг ажлын гүйцэтгэл 56.9 хувьд хүрсэн байна. Түүнчлэн авто зам, гүүр хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төсөл эцсийн шатанд буюу 92.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн газар шорооны ажлыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэх бол гүүр хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхэн үеэс хийхээр төлөвлөжээ. Төслийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлсөн буюу нийт газар чөлөөлөлтийн явц 15 гаруй хувьтай үргэлжилж байна.
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТЫН ГОЛ ЗАМУУДЫН ТҮГЖРЭЛ СААРЧ, ЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР САЙЖИРНА
Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд "Олон түвшний уулзвар"төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж гэсэн таван байршилд эхний ээлжинд хэрэгжүүлэх бөгөөд уг таван байршилд магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Уулзваруудын түвшинг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг бууруулж, гэрлэн дохионоос хамааралтай зогсолт, хүлээлтийг багасган, замын нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, "Нарт" хотхон орчимд хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа ч үерийн хамгаалалтын далан нь замын сүлжээг тасалдуулж, жолооч, иргэд Нарны зам болон Энхтайваны өргөн чөлөөгөөр зайлшгүй тойрч зорчих шаардлагатай болж байна. Энэ нь үндсэн замуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, гамшгийн үеийн шуурхай бэлэн байдлыг ч хязгаарлаж байгаа юм. Иймд далан давуулан гүүрэн байгууламж барих нь замын холболтыг нөхөж, иргэдийн зорчих зай, хугацааг товчлох, цаашлаад шатахууны үргүй зардлыг багасган, хотын гол замуудын түгжрэлийг сааруулах инженерийн оновчтой шийдэл болох юм. “Олон түвшний уулзвар” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах төдийгүй нийгэм, эдийн засгийн хувьд иргэдийн алтан цаг болон шатахуун зардлыг хэмнэсэн өндөр үр өгөөжтэй шийдэл болох юм.