АНУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ, ӨНДӨР ӨРТӨГ БҮХИЙ "THE BIG DIG"-ИЙН ТӨСӨЛ

2026.01.1947 үзсэн
АНУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ, ӨНДӨР ӨРТӨГ БҮХИЙ "THE BIG DIG"-ИЙН ТӨСӨЛ

АНУ-ын дэд бүтцийн хөгжлийн стратегийн чухал хэсэг болох "The Big Dig” буюу Central Artery туннелийн төсөл нь Бостон хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах, хотын орчныг сайжруулах ач холбогдолтой инженерийн бүтээн

АНУ-ын дэд бүтцийн хөгжлийн стратегийн чухал хэсэг болох "The Big Dig” буюу Central Artery туннелийн төсөл нь Бостон хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах, хотын орчныг сайжруулах ач холбогдолтой инженерийн бүтээн байгуулалт юм.

Төслийн хүрээнд Бостоны төвөөр дамжин өнгөрдөг I-93 хурдны авто замыг газар доор шилжүүлж, хотын гадаргын орон зайг чөлөөлөн ногоон байгууламж, нийтийн талбай, орчин үеийн хот төлөвлөлтийн шийдлүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Барилга угсралтын ажил 1991 онд эхэлж, олон үе шаттайгаар хэрэгжсэний эцэст 2007 онд бүрэн ашиглалтад оржээ. 

Ойролцоогоор 5.6 км урттай туннель, гүүр, гарц, замын байгууламжууд багтсан уг төсөл нь инженерийн нарийн төвөгтэй шийдэл, хотын тасралтгүй хөдөлгөөний нөхцөлд баригдсан аж. Үүний зэрэгцээ АНУ-ын түүхэн дэх хамгийн том, хамгийн өндөр өртөг бүхий хот доторх дэд бүтцийн төсөл хэмээн үнэлэгддэг бөгөөд орчин үеийн хотын дэд бүтцийн төлөвлөлт, инженерчлэлийн шилдэг жишээ болсон юм. 

Төслийн гол онцлог:
- Туннел: Бостоны I-93 авто замыг хотын төвөөр газар доогуур дамжуулан холбох
- I-90 (Massachusetts Turnpike)-ийг Тэд Виллиамс туннел (Ted Williams Tunnel) -ээр дамжуулан Логан олон улсын нисэх буудалтай холбосон.
- Гүүр, гарам: Заким Банкер Хилл гүүр (Zakim Bunker Hill Bridge) зэрэг архитектур, инженерийн өндөр ач холбогдох бүхий олон томоохон гүүр, холболтын системийг байгуулсан.
- Ногоон байгууламж: Хуучин авто замын орон зайг Рөүз Кэннэди Гринвэй (Rose Kennedy Greenway) цэцэрлэгт хүрээлэн болгон дахин хөгжүүлж, нийтийн эзэмшлийн талбай болгох замаар хотын явган болон унадаг дугуйн замын сүлжээ бий болгосон.

Төслийн сорилт ба шийдэл
1. Инженерийн сорилтууд
Метро, болон инженерийн шугам сүлжээний дундуур хэрэгжүүлсэн ба барилга угсралтын явцад хотын өдөр тутмын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох боломжгүй байсан нь инженерийн болон зохион байгуулалтын маш өндөр эрсдэл үүсгэсэн.
Шийдэл: Slurry wall технологиор гүн ухалтын тогтвортой байдлыг хангасан. Мөн Traffic Staging буюу замын хөдөлгөөнийг үе шаттайгаар шилжүүлэх аргачлалыг ашигласан.

2. Аюулгүй ажиллагаа
2006 онд I-90 туннелийн дотор бетон тааз нурж нэг иргэн амь эрсэдсэн ноцтой осол гарсан бөгөөд мөрдөн шалгалтаар материалын буруу хэрэглээ, хяналтын тогтолцоо сул байсан нь тогтоогдсон.
Шийдэл: Барилгын стандарт, материалын баталгаажуулалт шаардлагыг шинэчилсэн бөгөөд хөндлөнгийн аюулгүй ажиллагааны хяналтын баг байгуулж, ашиглалтад орсон байгууламжуудад дахин үнэлгээ, бэхэлгээ хийсэн.

3. Зардлын огцом өсөлт, санхүүгийн эрсдэл
Анхны төсөв: ~2.8 тэрбум ам.доллар
Эцсийн зардал: ~14.6 тэрбум ам.доллар
Зардал өсөхөд хугацаа сунах, дизайн өөрчлөлт, геологийн урьдчилсан судалгааны дутмаг байдал зэрэг голлон нөлөөлсөн.
Шийдэл: Холбооны болон Массачусетс мужийн хамтарсан санхүүжилтийн схем, тусгай татварын эх үүсвэр, санхүүгийн хяналтыг үе шаттайгаар шинэчилсэн.

4. Геотехникийн хүндрэл
Барилга угсралтын явцад туннелд ус нэвчилт, бетон хагарал, холболтын доголдол зэрэг их хэмжээгээр гарч, 3,000 гаруй техникийн гэмтэл бүртгэгдсэн нь байгууламжийн чанар, урт хугацааны аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэсэн.
Шийдэл: Туннелийн хэсгүүдэд дахин битүүмжлэл, нэмэлт бэхэлгээ, аврах гарц, галын хамгаалалт, 24/7 хяналтын системийг суурилуулж, аюулыг бууруулсан. Мөн материалын чанарын хяналтыг чангатгаж, хөндлөнгийн аудит нэвтрүүлэн ашиглалтад орсны дараах урт хугацааны баталгаат засварын хөтөлбөр хэрэгжүүлсэн.

5. Байгаль орчин, орон нутгийн нөлөөлөл
Хотын төвд олон жил үргэлжилсэн барилга угсралтын ажил байсан тул дуу чимээ, доргилт, газар ашиглалт, хөрсний нөлөө зэрэг байгаль орчин болон иргэдэд үзүүлэх нөлөөлөл маш өндөр байсан.
Шийдэл: Байгаль орчны хяналт, усны чанарын туршилт, орон нутгийн иргэдийн оролцоотой зөвлөлдөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, нийгмийн эсэргүүцлийг багасгасан.

6. Ашиглалтад орохоос өмнөх эдийн засгийн үр ашиг
Төсөл ашиглалтад орсны дараах эхний жилүүдэд зорчигч тээврийн урсгал анхны хүлээлтээс төдийлөн их биш байсан ба олон нийтийн зүгээс “эдийн засгийн өгөөж бага”, “зардал хэт өндөр” гэсэн шүүмжлэл дагуулж байв.
Шийдэл: Хотын замын хөдөлгөөний удирдлагын системийг шинэчилж, зорчигчдын маршрутыг илүү үр ашигтай болгосон бөгөөд хуучин авто замын орон зайг цэцэрлэгт хүрээлэн болгосноор хотын эдийн засгийн идэвхжил, тус бүс нутгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн аажмаар өсөх нөхцөл бүрдсэн.

Төслийн үр нөлөө
- Тус төслийн үр дүнд I-93, нисэх буудлын туннелиуд болон Сторров Драйв (Storrow Drive)-ын холболтын хэсэгт тээврийн хэрэгслийн зорчих хугацаа 62 хувиар буурч, төсөл хэрэгжихийн өмнө буюу 1994-1995 оны байдлаар зорчих хугацаа өдөрт дунджаар 38,200 цаг байсан бол 2004-2005 оны байдлаар 14,800 цаг болж буурсан байна.
- Мөн авто зам I-93 (Central Artery I-93) -ийн хойд чиглэлд, оройны оргил цагийн ачааллын тээврийн хэрэгслийн зорчих хугацаа 85.6 хувиар буурсан нь тус төслийн хамгийн тод хэмжигдэхүйц эерэг үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
- Эдийн засгийн үр ашгийг 2004-2005 оны байдлаар жилд ойролцоогоор 166 сая ам.долларын хэмнэлт бий болсон гэж тооцоолсон бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн зорчих хугацаа хэмнэх, түлшний зардал, мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал буурсантай шууд холбоотой гэж үздэг.
- Хотын төвийн ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээг ихэсгэн, нийтийн эзэмшлийн талбай болгох замаар хотын явган болон унадаг дугуйн замын сүлжээг бий болгосон.
- Томоохон инженер, техникийн шийдлүүдийг амжилттай нэвтрүүлснээр Америкийн дэд бүтцийн барилга, байгууламжийн туршлага шинэ шатанд гарсан.

Сургамж

- Геотехник болон хотын төвийн инженерийн шугам сүлжээний эрсдэлийг урьдчилан нарийвчлан судлах нь төслийн хугацаа, өртөг, аюулгүй байдлыг хянах үндсэн нөхцөл болдог.
- Урт хугацааны төсөлд аюулгүй ажиллагааг өндөр түвшинд баримталж, чанарын хяналт, хөндлөнгийн аудит, стандартын мөрдөлтийг тууштай хэрэгжүүлэх нь хүний нөөц, санхүү тоног төхөөрөмжийн тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл.
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, орон нутгийн иргэдийн оролцоо, ил тод байдлыг төслийн бүх үе шатанд хангах нь нийгмийн эсэргүүцлийг бууруулж, төслийг тасралтгүй хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлдэг.
- Томоохон дэд бүтцийн төслийг инженерийн бүтээн байгуулалт гэж харах бус, хот байгуулалт, эдийн засаг, нийгэм, байгаль орчны нэгдсэн системийн шинэчлэл гэж харж төлөвлөх нь урт хугацаанд илүү тогтвортой, олон талын үр ашгийг нэмэгдүүлдэг. 

Эх сурвалж
- https://en.wikipedia.org/wiki/Big_Dig
- https://www.britannica.com/topic/Big-Dig
- https://www.fhwa.dot.gov/publications
 

Command Palette

Search for a command to run...