ХОТ БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАХ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ НТУГ-Т АЖИЛЛАЛАА

2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлаас Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан ажлын хэсэг “Нэг
2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлаас Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан ажлын хэсэг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-т ажиллалаа.
Ажлын хэсэг нь Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Улаанбаатар трамвай төсөл, Дүүжин замын тээвэр төслийн удирдлага болон инженер, техникийн багийн төлөөлөлтэй уулзаж, нийслэл хотын хөгжлийн бодлого, хот байгуулалт, дэд бүтэц, газар зохион байгуулалт, олон төрөлт нийтийн тээврийн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцав.
Уулзалтын үеэр Улаанбаатар трамвай төсөл, Дүүжин тээврийн төслүүдийн төлөвлөлт, инженерийн шийдэл, санхүүжилт, хэрэгжилтийн үе шат, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, эдгээр төслүүдийг хот байгуулалтын бодлого, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцсон.
Ажлын хэсэг цаашид дээрх төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан:
УИХ-ын даргын 2025 оны 12 сарын 25-ны өдрийн захирамжаар 12 ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ хүрээнд Хот байгуулалтын чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Манай ажлын хэсэг нэгдүгээр сарын 7-ны өдөр анхны хурлаа хийсэн. Өнөөдөр бид нийслэл хотын бүтээн байгуулалт буюу Трамвай төсөл, Дүүжин тээвэр төслийн талаар мэдээлэл авч, газар дээр нь ажиллаж байна. Цаашдаа манай ажлын хэсгийн хувьд хот байгуулалтын чиглэлд олон хууль тогтоомж дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Дархан, Сэлэнгийн бүсэд очиж хот байгуулалтын чиглэлээр семинар зохион байгуулах төлөвлөгөө бий.
Улаанбаатар хотыг 14 хот болох тухай асуудлууд яригдаж байгаад хойшлохоор болсон. Тэрхүү хуулийн төсөл дээр бид ажиллаж хуулийн төслийг хойшлуулах зүйлийг санаачлахаар ажиллаж байна. Нийслэл хотын одоогийн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт хийх саналыг гаргахаар ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтын чиглэлийн томоохон ажлууд ялангуяа хот төлөвлөлттэй холбоотой буюу одоо баригдаж байгаа хотхон хорооллууд дээр очиж улсын сургууль, цэцэрлэгтээ баригдаж байгаа эсэх дээр хяналт тавья гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ер нь УИХ-ын даргын энэ захирамжаар бол хот байгуулалттай холбоотой бүхий л асуудлууд дээр нэгдсэн нэг ажлын хэсэг гарч мэргэшиж ажиллах зорилготой байгаа юм. Энэ хүрээнд ажлын хэсгийнхээ анхны уулзалтаар нийслэл хотын Трамвай болоод Дүүжин тээврийн төсөлд ирж ажиллалаа.
Өнгөрсөн оны 7 дугаар сард мянган өрх тутамд нэг улсын сургууль, 250 өрх тутамд нэг цэцэрлэг баригдах ёстой гэсэн хуулийн төсөл батлагдсан /Хот байгуулалтын тухай хууль/. Тэгэхлээр энэ 7 хоногт Хот байгуулалтын тухай хуулийн төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь УИХ-аас баталсан хуулийнхаа араас явах ёстой.
“Улаанбаатар трам” төслийн Ахлах инженер Б.Бат-Оргил:
Энэхүү төсөл маань 2 шугамтай бөгөөд энэхүү төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн өмчлөгчийг сонгон шалгаруулах урилга зарлачихсан. Нэгдүгээр сарын 23-ныг хүртэл материал хүлээж авч байна. Улаанбаатар трамвай төслийн давуу тал нь байгаль орчинд ээлтэй, 100% цахилгаан нам тавцанд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байх юм. Нэг чиглэлд оргил цагтаа 6900 зорчигч тээвэрлэнэ гэдэг урьдчилсан тооцоо ТЭЗҮ-ийн хүрээнд батлагдсан. Трамвай нь Сүхбаатарын талбайгаас архивын ерөнхий газарт 37 минут, зуслангийн бүсээс Сүхбаатарын талбайд хүрэхэд 29 минут зорчино. Урьдчилсан тооцооллоор энэ төслүүд маань хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 20-25%-аар бууруулах тооцоо гарсан. Бүтээн байгуулалтын ажлыг 3 жилээр төлөвлөж байгаа. Одоо сонгон шалгаруулалт маань амжилттай болж гүйцэтгэгч ажлаа эхлүүлбэл 2026-2028 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна.
“Дүүжин тээвэр” төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаа:
Төсөл нь Яармаг, Арцатаас, Өнөр хороолол чиглэлийн дагуу 19 тулгуур баганатай. Яармаг болон Өнөр хороолол талд тус бүр нэг буудалтай, нийт 4,2 км-ийн зайд 98 кабинтайгаар 8 метр секунд хурдтай явж, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар ажиллана. Төслийн явц ерөнхийдөө 19 тулгуур баганаас 18 тулгуур баганыг нь угсарчихсан байна. 19 дэх тулгуур баганыг нь 2 сарын 6-ны дотор угсрахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна. Буудлын металл хийцийн угсралт хийгдээд туршилт тохируулгынхаа ажлыг хийгээд явж байгаа. Дүүжин замын тээврийн 28 кабин төслийн талбайд буусан. Үлдэгдэл 70 кабин үйлдвэрлэгдээд наашаа ачигдаж байна. Төслийн ган татлага ирсэн. Ган татлагын угсралтын ажил 4 сарын 1-нээс эхэлнэ.