МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭЗХ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн З
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн явц, үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүд, тухайлбал, Туулын хурдны зам, ДЦС-5, Улаанбаатар метро, Улаанбаатар трам 1, 2-р шугам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, тойрог зам, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Туул усан цогцолбор, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Лаг шатаах үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хүннү хотын дэд бүтцийн төсөл, Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэрэг 16 төслийн явцыг танилцуулсан.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулдаг. Мөн салбар хоорондын уялдааг хангах, эдийн засгийг тэлэх, худалдааг өргөжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гол төв Улаанбаатар хотод хүн амын 60 гаруй хувь, ДНБ-ий 70 хувь, нийт эдийн засгийн хуримтлалын 82 хувь, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын 88 хувь нь төвлөрсөн байдаг. Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засгийг хөгжүүлэхэд нийслэлийн оруулах хувь нэмрийг үнэлж, боломжийг харж байна. Бид нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, бүрэн дэмжлэг үзүүлнэ. Нийслэлээс зоригтой хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээ танилцууллаа. Нийслэл бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй, иргэд амьдрахад таатай хот байгаасай. Салбар хоорондын уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтыг богино хугацаанд авч хэрэгжүүлснээр бид эдийн засгаа тэлж чадна” гэв.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай нэмэгдэж, суурьшлын бүс зургаа дахин тэлсэн. Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, дэд бүтэц, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргасан. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсийн төлөвлөлт дагуул хотуудыг төлөвлөж байна. Түүнчлэн авто замын засвар, шинэчлэл, нийтийн тээврийн парк шинэчлэлт, зогсоол байгуулах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, өмчийн менежмент, хот нийтийн аж ахуйн шинэчлэлийг хийж буйг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолсон.