ДЭД БҮТЭЦ, УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

Усны нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, инженерийн дэд бүтцийн найдвартай байдлыг хангах, байгаль орчны эрсдэлийг бууруулах зорилгоор “Туул усан цогцолбор”, “Хөрсний ус, үерийн хамгаалалт”, “Эмээлт эко аж үйлдвэр
Усны нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, инженерийн дэд бүтцийн найдвартай байдлыг хангах, байгаль орчны эрсдэлийг бууруулах зорилгоор “Туул усан цогцолбор”, “Хөрсний ус, үерийн хамгаалалт”, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслүүдийг хэрэгжүүлж байна.
Төслүүдийн явц, хэрэгжилтийг тоймлон хүргэж байна.
ХУР БОРОО, ГАДАРГЫН УС ХУРИМТЛУУЛАН НӨӨЦЛӨХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр үе шатанд боомт барих хамгийн тохиромжтой байршлыг Туул голын дээд хэсэгт, далайн түвшнээс дээш 1352 метрийн өндөрт сонгосон нь Улаанбаатар хотод ойр бөгөөд хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой. Тухайн байршил нь тусгай хамгаалалттай ой мод, зэрлэг амьтадын бүсэд нөлөөлөхгүй ажээ.
Боомтын бүтцийн хувьд 35.8 метр өндөр бетон боомт болон 24 метр өндөр, асфальтан зүрхэвчтэй чулуун дүүргэлттэй хосолсон орчин үеийн шийдэлтэй байхаар төлөвлөгдсөн. Зүүн эрэгт ил гарсан байгалийн чулуулаг, баруун эргийн гүнд тогтоогдсон хатуу хөрс нь уг байгууламжийн бат бөх, тогтвортой байдлыг бүрэн хангах геологийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзжээ.
“Туул усан цогцолбор” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тусгасан хоёр том зорилтыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тодруулбал, ус багатай улиралд нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ үерийн үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсацыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.
ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 9 БАЙРШИЛД 102.72 КМ УРТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БОЛОН СУВАГ БАЙГУУЛНА
Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт нь нийслэлчүүдийн өмнө үерийн аюул, хөрсний усны түвшин нэмэгдэх бодит эрсдэлийг дагуулсаар байна. Энэхүү эрсдэлт нөхцөлийг инженерийн оновчтой шийдлээр даван туулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд нийт 22 байршилд далан, суваг байгуулахаар төлөвлөсөн.
Дэлхийн банкны санхүүжилтээр 9 байршилд эхний ээлжинд хэрэгжүүлнэ.
• Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
• Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
• Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
• БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
• Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
• Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
• Тахилтын үерийн хамгаалалтын суваг
• Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
• Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/
Эдгээр төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж дууссан. Уг баримт бичгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөл хэлэлцэн дэмжсэн. Тус 9 байршилд 102,72 км урт үерийн хамгаалалт далан болон суваг байгуулж, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 40 км шугамыг сэргээн засварлах юм. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.
Энэхүү ажлын хүрээнд Close-fit/доторлон шинэчлэх/,CIPP /хэсэгчлэн шинэчлэх/, Pipe bursting/Голчийг нэмэгдүүлж өргөтгөх/ аргыг санал болгосон. Эдгээр аргууд нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүйгээр дэд бүтцээ шинэчлэх мөн уламжлалт аргаас өртөг хямд цаг хугацаа бага шаарддаг гэдгээрээ давуу талтай. Мөн хотын өнгө үзэмж, эко системийг дэмжих зорилгоор 12 км ногоон байгууламж, усны нөөцийг зохицуулах 4 цөөрөм байгуулна.
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ДЭД БҮТЦИЙГ ИЖ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА
Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн түүхий эдийн нөөц болон ажиллах хүчний хүртээмжид тулгуурласан суурь судалгаагаар Эмээлт орчим нь байршлын хувьд хамгийн ашигтай бүс болох нь тогтоогдсон бөгөөд уг ТЭЗҮ-ийг үндэслэн УИХ болон Засгийн газраас чиглэл өгснөөр төслийн үйл ажиллагаа эрчимжсэн.
Өнгөрсөн хугацаанд тус парк нь зөвхөн цахилгааны эх үүсвэртэй, дэд бүтэцгүй хоосон тал газар байсан бол одоогийн байдлаар зам, дулаан, цахилгаан зэрэг инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж, хувийн хэвшил бизнесээ эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна.
Ингэснээр сүүлийн 16 жилийн турш яригдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал бодит ажил хэрэг болох шатандаа орлоо гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон юм.
Одоогийн байдлаар паркийн эзэмшил газарт 12 аж ахуйн нэгж, үйлдвэр төслийн талбайд нүүн шилжихээр “Паркийн нэгжийн гэрээ” болон паркт “Газар ашиглуулах гэрээ”-г байгуулжээ. Үүний 70 орчим хувийг арьс ширний үйлдвэрүүд эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсэгт мал төхөөрөх, сүү боловсруулах болон хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд барих аж.
Паркийн нийт талбайн 20 орчим хувьд үйлдвэрүүдийг байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх гэрээг хийгээд байгаа бөгөөд цаашид ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж парк байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх нь нээлттэй үргэлжлэх юм.
Төслийн зүгээс инженерийн дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн дуусгаж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна.