ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ ТОЙМ

2026.02.0193 үзсэн
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ ТОЙМ

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР ИМПОРТЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ БҮРЭН ОРЛОНО Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг. Цаашид дотоодын үйлдвэрл

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР ИМПОРТЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ БҮРЭН ОРЛОНО

Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлож, цаашлаад илүүдэл ачааллыг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ гэдгийг салбарын инженерүүд тодотгодог.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийт 26 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ДЦС-5 төсөл нь жилд 2,221 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 4,822,300 ГЖ дулааны ачаалал хангах боломжтой болно. Үйлдвэрлэсэн цахилгааны 90 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүсийн 40 мянган айл өрхийг дулаанаар, мөн 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Үүнтэй зэрэгцэн Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж буй бөгөөд уг төлөвлөгөө батлагдсанаар гэрээний иж бүрдэлд багтах 12 хавсралт гэрээ, 7 хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, батлах боломж бүрдэж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих бодит механизм бүрэн бий болох юм.

“ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 71 ХУВЬТАЙ БАЙНА
“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл” нь хог хаягдлыг булшлахад суурилсан хуучирсан технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан хог боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх цогц системийг нэвтрүүлэх зорилготой. Ингэснээр хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах бодит нөхцөл бүрдэх юм.
Төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх (DBFOM) загвараар хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд, нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн.
Тус үйлдвэр нь өдөрт 1,500 тонн хүртэл хог хаягдал шатаах хүчин чадалтай бөгөөд үүнээс 35 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Энэ нь ойролцоогоор 2,333 өрхийг цахилгаанаар найдвартай хангах боломжийг бүрдүүлэх юм.
Байгаль орчны хувьд уг төсөл нь төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн шүүрэлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх, байгаль орчны аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээнүүдийг багтаажээ. Үйлдвэр ашиглалтад орсноор хөрс, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурч, нийт 2,333 яндан болон нүхэн жорлонг устгасантай тэнцэхүйц эерэг нөлөө үзүүлэхээр тооцоолж байна. Одоогийн байдлаар төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбайгаас 109-ийг чөлөөлөөд байна. 

“ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР” БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
Өнөөдрийн байдлаар лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан үйлдвэр байхгүйгээс лагийн хадгалалт, боловсруулалтын шатанд байгаль орчин, эрүүл ахуйн эрсдэл өндөр байна. Ахуйн лаг нь чийгшил, хорт нян, бактерийн агууламж өндөртэй тул зохих технологиор боловсруулахгүйгээр булшлах нь хөрс, ус, агаарыг бохирдуулах аюултай юм. Иймд энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр хоногт 250 м³ лагийг усгүйжүүлж, хатаан шатааж 5-6м3 үнс болгох технологи бүхий “Лаг шатаах үйлдвэр”-ийг Төв цэвэрлэх байгууламжийн урд талд, 40,000 ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Төслийг 2025-2027 онд Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд төслийн саналын урьдчилсан үнэлгээ хийгдэж байна.
Лаг шатаах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлоос үүдэх зардал буурах, хотын дэд бүтцийн тогтвортой ажиллагаа сайжрах, ажлын байр бий болох зэрэг эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ Дотоодын нийт бүтээгдэхүүнд ойролцоогоор 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлэхээр тооцоологдсон байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэгээний системийг олон улсын стандарттай нийцүүлэх, хотын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.
 

Command Palette

Search for a command to run...