ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ЯАГААД УЛААНБААТАРТ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Яармаг–Арцат-Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын хүн амын нягтрал өндөр боловч авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүсэд хэрэгжи
Яармаг–Арцат-Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын хүн амын нягтрал өндөр боловч авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүсэд хэрэгжиж буй стратегийн ач холбогдолтой төсөл юм. Тодруулбал, Яармаг–Хархорин буюу Энхтайвны өргөн чөлөө - Наадамчдын гудамжийг шууд холбосон авто зам, нийтийн тээврийн шугам өнөөдөр байхгүй хэдий ч, хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй чиглэлүүдийн нэг хэвээр байна. Энэ чиглэлд зорчиж буй нийтийн тээврийн урсгал нь нийслэлийн нийт зорчигчдын 17–18 хувийг эзэлдэг бөгөөд иргэд өдөр бүр замын түгжрэлд 2–3 цагийг зарцуулж байна. Харин дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх зайг ердөө 11 минутын дотор туулах боломж бүрдэнэ. Энгийнээр тайлбарлавал, Дүүжин замын тээврийн нэг кабин /бүхээг/ 10 хүний багтаамжтай бөгөөд энэ нь зам дээрх 5-10 суудлын автомашиныг орлож байна гэсэн үг юм. Энэ нь зөвхөн цаг хэмнэхээс гадна иргэдийн ажлын бүтээмж, амьдралын чанарт бодитой нөлөөлөл үзүүлнэ.
Үүнээс гадна тус төсөл нь хотын байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд шууд болон урт хугацааны эерэг нөлөө үзүүлэхээр байна. Урьдчилсан судалгаагаар дүүжин замын тээврийг нэвтрүүлснээр хүхэрлэг хий (SO₂) 0.85 хувь, азотын давхар исэл (NO₂) 1.3 хувь, PM10 тоосонцор 1.26 хувь, нүүрсхүчлийн хий (CO₂) 0.93 хувиар тус тус буурах тооцоо гарчээ.
Газар чөлөөлөлт багатай
Автозам, барилга, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтөөс шалтгаалж хугацаа урт, зардал өндөртэй байдаг. Харин дүүжин замын тээврийн хувьд, зөвхөн тулгуур багана байрлах хэсэг, буудлын байршилд газар чөлөөлдөг учир 1-2 жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн Дүүжин замын тээвэр нь газрын гадаргаас үл хамааран агаарын шугамаар "шулуун" зорчдог. Түгжрэлээс 100% хараат бус бөгөөд авто замтай огтлолцдоггүй тул замын түгжрэл, осол, цас мөснөөс үл хамааран цагийн хуваарийн дагуу секунд тутамд ажиллана.
Эрчим хүчний хэмнэлттэй
Нэг зорчигчийг 1 км-т тээвэрлэхэд зарцуулах эрчим хүч нь суудлын автомашинаас 10-12 дахин бага юм. Системийн хувьд үндсэн болон нөөц гэсэн давхар тоормосны системтэйгээс гадна цахилгаан тасарсан тохиолдолд ажиллах нөөц тэжээлийн эх үүсвэртэй байна.
Автомашины урсгал хөдөлгөөн 1000 орчмоор буурна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор автомашины хөдөлгөөний нэг орчим хувийг бүрэн бууруулна. Тодруулбал, өдөрт 100 мянган автомашин зорчдог бүсийн хөдөлгөөн 1,000 автомашинаар буурах тооцоолол гарчээ. Мөн иргэд хувийн машинаа ашиглахгүй тус тээврээр зорчиход тухай бүсийн агаарын чанар хэмжигдэхүйц сайжрах аж.
PM10, NO₂ буурснаар амьсгалын замын өвчлөл багасна
Төслийн нөлөөлөл нь агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад иргэдийн эрүүл мэндэд эерэг дам үзүүлэлттэй байхыг судалгаанаас харж болно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг 1.06 хувиар, Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлыг 0.34 хувиар бууруулах боломжтой, дуу чимээ багатай байх судалгаа гарчээ.