“УЛААНБААТАР ХОТОД ТӨМӨР ЗАМ ДООГУУР АВТО ЗАМЫН НҮХЭН ГАРЦ ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2026.02.0693 үзсэн
“УЛААНБААТАР ХОТОД ТӨМӨР ЗАМ ДООГУУР АВТО ЗАМЫН НҮХЭН ГАРЦ ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн 4 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн о

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн 4 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төвийн орчмын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Харин 4 дүгээр байршил болох Нарны зам - Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна.

Тус төслийн ажлын явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийг Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн барилга угсралтын ажил үргэлжилж буй Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Хермес" төв төслийн талбайд ажиллаж, хэрэгжилт, явцтай газар дээр нь танилцлаа.

Таван шарын нүхэн гарцыг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгнө

Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц буюу төмөр замын 396 дугаар км-ийн гармын барилга угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, ногоон байгууламж, борооны ус зайлуулах системийн ажил болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дуусчээ. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан. Одоогоор нийт 2900 метр урттай авто замын гэрэлтүүлгийн кабелийг татаж, ашиглалтад оруулсан нь шөнийн цагт үүсэх “сохор бүс”-ийг арилгаж, осол гарах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Мөн явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 90 урт метр явган хүний гүүрэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, 2025 оны арванхоёрдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Өвлийн улиралд гүүрэн гарцын тулгуурын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Түүнчлэн төслийн талбайд 400 кВА хүчин чадалтай дэд станц (КТПН)-ыг угсарч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр насос станцыг тэжээлд холбож, хаврын шар усны үер болон зуны борооны үеэр нүхэн гарц усанд автах эрсдэлийг бууруулах боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, нүхэн гарцад ус хуримтлагдсан тохиолдолд насосны систем автоматаар ажиллаж, усыг шууд зайлуулах нөхцөл бүрдсэн. Төслийн менежер (захирал) М.Золбоо “Таван шарын байршлын явган хүний гүүрэн гарцын ажил дуусмагц, буюу 2026 оны хоёрдугаар улиралд багтаан нүхэн гарцыг улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээн танилцуулав.


Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцыг 2026 оны гуравдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн

Төслийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн хоёр талбар зөвшилцөх шатандаа явж байгаа аж.

Тус байршлын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалан тодорхой хугацаанд саатсан ч, Хотын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсанаар бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн. Одоогийн байдлаар тус байршлын их биеийн бүтээцийг дуусгасан бөгөөд инженерийн шугам сүлжээний ажлыг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах төлөвтэй байна. Тус нүхэн гарц нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсгийг “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, хоёрдугаар хэсэг буюу ТЭЦ-4-ийн төмөр зам доогуурх нүхэн гарцыг “Ирээдүйн ган зам” ХХК гүйцэтгэхээр ажиллаж байна. Одоогоор хоёрдугаар хэсгийн зураг төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд ирэх сард хүлээлгэн өгөх юм.

Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцыг 2026 оны гуравдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг төслийн инженерүүд тодотголоо.

“Хермес" төвийн урд байрлах Нүхэн гарцын инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлыг 2025 оны гуравдугаар улиралд хийж дуусгасан

Тус байршлын нүхэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлтийг бүрэн дуусгасан байна. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доогуур түлхэх технологиор байршуулсан нь галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг гүйцэтгэх боломжийг олгожээ. Дулааны шугам сүлжээний шилжүүлгийн ажлыг “Одкон Холдинг” ХХК 2025 оны гуравдугаар улиралд хийж дуусгасан бөгөөд 2026 оны хоёрдугаар улирлаас авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин дөрөвдүгээр байршил болох Нарны зам-Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна. Эдгээр нүхэн гарцын төслүүд хэрэгжсэнээр төмөр замын гарам дээр үүсдэг түгжрэл буурч авто замын хөдөлгөөний аюулгүй байдал нэмэгдэх ач холбогдолтой.

Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг шуурхай, чанартай гүйцэтгэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч, төлөвлөсөн хугацаандаа төслийг ашиглалтад өгөхийг үүрэг болголоо

Command Palette

Search for a command to run...