НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, УДИРДЛАГЫН ХЭСГИЙГ СУУРИЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА "Дүүжин замын тээвэр" төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, УДИРДЛАГЫН ХЭСГИЙГ СУУРИЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
"Дүүжин замын тээвэр" төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Төслийн гол инженерийн шийдлүүдийн нэг болох цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулах хүрээнд цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийн байршил болон холболтын схемийг боловсруулах ажил үргэлжилж байна.
Төслийг Францын Пома групп хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” ХХК-иуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Төсөлд шаардлагатай бүхий л бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж байгаа бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгасан.
Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм. Үүний 18 тулгуур баганыг суурилуулж 2 буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна.
“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Авто замын түгжрэлийг бодитой бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам (хөнгөн галт тэрэг-LRT)” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд трамвайн хоёр шугамыг төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой байна.
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут, Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс чиглэлд 37 минут зорчих боломж бүрдэх юм.
“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Тусгай замын автобус /BRT/” төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.
Төслийн явцын хувьд, нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтын зөвлөх, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх сонгон шалгаруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Нарийвчилсан зураг төсөл батлагдсаны дараа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг АХБ-ны журмын хүрээнд хэрэгжүүлнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны зүгээс LARP-ийн төлөвлөгөө, нийгмийн хамгаалал болон жендэртэй холбоотой олон нийтийн санал гомдол хүлээн авах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2 дугаар шатны Багц 1-ийн тендерийг зарлаж материал хүлээн авч буй. Төслийн бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүрээнд Олон Улсын банк, санхүүгийн байгууллагуудын тавьдаг байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг бүрэн хангасан баримт бичгүүдийг боловсруулж дууслаа. Тодруулбал, төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй “Духуа Инженеринг” ХК нь олон улсын туршлага бүхий “INOGEN ALLIANCE LLC”-тэй хамтран Олон улсын санхүүгийн корпорацын IFC Performance Standards, Equator Principles IV, мөн экспорт зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стандартуудад нийцсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ (Full ESIA) болон Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (ESMP)-г боловсруулсан юм.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний хүрээнд төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг иж бүрнээр нь үнэлж, байгаль орчин болон нийгэм-эдийн засгийн суурь судалгааг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон олон улсын стандартуудын хоорондын нийцэл, зөрүүгийн шинжилгээг хийж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг ESIA болон холбогдох менежментийн төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгасан байна.