МАЛЬДОНАДО БА РОЧА МУЖИЙГ ХОЛБОДОГ ЛАГУНА ГАРЗОН ТОЙРОГ ГҮҮР

2026.02.2338 үзсэн
МАЛЬДОНАДО БА РОЧА МУЖИЙГ ХОЛБОДОГ ЛАГУНА ГАРЗОН ТОЙРОГ ГҮҮР

Уругвай Улсын хувьд бүс нутгийн хөгжлийн бодлого, байгальд ээлтэй дэд бүтцийн шийдлийг хослуулсан онцлох бүтээн байгуулалтын нэг бол Лагуна гарзон тойрог гүүр юм. Уг гүүр нь Уругвайн зүүн өмнөд хэсэгт орших Мальдонадо бо

Уругвай Улсын хувьд бүс нутгийн хөгжлийн бодлого, байгальд ээлтэй дэд бүтцийн шийдлийг хослуулсан онцлох бүтээн байгуулалтын нэг бол Лагуна гарзон тойрог гүүр юм. Уг гүүр нь Уругвайн зүүн өмнөд хэсэгт орших Мальдонадо болон Роча мужийг холбодог, Лагуна гарзон нуурын дээгүүр байрласан тойрог гүүр бөгөөд архитектур, инженерийн шийдлийн хувьд дэлхийд ховор тойрог хэлбэрийн гүүр гэдгээрээ онцлогтой.

Энэхүү гүүрийн архитектур дизайныг Уругвай улсын архитектур Рафаел Виноли гаргасан бөгөөд өмнө нь улсынхаа чимэг болсон Carrasco нисэх онгоцны буудал болон Нью-Йорк дахь 432 Park Avenue тэнгэр баганадсан өндөр барилгын дизайныг зохион бүтээсэн бөгөөд гүүрийг 2014 онд барьж эхлэн 2015 онд ашиглалтад оруулсан. Энэхүү гүүрийг баригдахаас өмнө сувгийн нэг эргээс нөгөө эрэг рүү тээврийн хэрэгслийг гатлага онгоцоор зөөвөрлөж туулдаг байсан нь цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай цаг хугацаа их шаарддаг бөгөөд аюулгүй байдал болон тээврийн тасралтгүй байдлын хувьд томоохон хүндрэл дагуулж байв.
Лагуна гарзон тойрог гүүрний үндсэн зорилго нь зөвхөн хоёр эргийг холбох бус, байгаль орчны тэнцвэрийг хадгалах, зорчих тээврийн хэрэгслийн урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг дэмжих цогц шийдэл байв.
1. Инженерийн төлөвлөлтийн гол эрсдэл
Лагуна Гарзон нуур нь нүүдлийн шувууд, усны амьтдын амьдрах орчин болсон байгаль орчны хувьд маш эмзэг бүс юм. Ийм нөхцөлд энгийн шулуун гүүр барих нь усны урсгалыг хаах, амьдрах орчныг алдагдуулах, улмаар экосистемд сөрөг нөлөө үзүүлэх байгаль орчны өндөр эрсдэлтэй байсан нь инженерүүдийн өмнө тулгарсан хамгийн том сорилт байв.
Шийдэл:
Гүүрийг дугуй хэлбэрээр төлөвлөснөөр тулгуур баганын тоог цөөлж, улмаар усны урсгалд саад учруулах болон шувуудын нүүдэлд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд барьж чадсан. Үүний зэрэгцээ барилгын явцад усны чанар, экосистемд тогтмол мониторинг хийж, байгаль орчны нөлөөллийг хянаж ажилласан.
2. Зам тээврийн аюулгүй байдлын эрсдэл
Шулуун зам, гүүрэн байгууламжууд нь жолооч нарыг хурд хэтрүүлэхэд хүргэдэг сул талтай байдаг ба энэ бүс нь аялал жуулчлалын зам учраас ослын эрсдэл өндөр байв.
Шийдэл:
Дугуй хэлбэрийн гүүрний зохион байгуулалт нь жолоочийг өөрийн эрхгүй хурд сааруулахад хүргэдэг инженерийн ухаалаг шийдэл юм. Ингэснээр гүүрээр зорчих хөдөлгөөн тогтвортой, аюулгүй болж, зам тээврийн ослын эрсдэл буурсан.
Лагуна гарзон тойрог гүүрийг төлөвлөхдөө тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээс гадна хүмүүсийг яаралгүй зорчиж, нуурын байгаль, орчны гоо сайхныг мэдрэх боломжийг давхар бүрдүүлэх зорилгыг тусгасан байна.
3. Санхүүжилтийн эрсдэл
Төслийн нийт өртөг ойролцоогоор 10 сая ам.доллар байсан бөгөөд уг зардлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх шаардлага нь санхүүжилтийн эрсдэл үүсгэж байв.
Шийдэл:
Төслийн санхүүжилтийн ихэнх хэсэг буюу ойролцоогоор 80 хувийг Аргентины үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Eduardo Costantini гаргасан байна. Үүний ачаар төрөөс бүх зардлыг дангаараа үүрэх шаардлагагүй болж, төр ба хувийн хэвшил хамтран ажилласан амжилттай жишээ болсон. Ийм зохион байгуулалтын үр дүнд төсөл санхүүжилтийн сааталгүйгээр, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оржээ.
4. Нийгмийн нөлөөллийн эрсдэл
Гүүр баригдсанаар аялал жуулчдын тоо, тээврийн урсгал нэмэгдэх нь орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлөх эрсдэлтэй байв.
Шийдэл:
Тойрог хэлбэрийн гүүрээр зорчих үед тээврийн хэрэгслүүд нэг талын эгнээгээр урагш, нөгөө талын эгнээгээр хойш чиглэлд хөдөлж, тойрон гүүрийг гаталдаг зохион байгуулалттай. Гүүрийн дотор болон гадна тойрог дагуу явган зорчигч, дугуйтай хүмүүс зорчих зам болон түр саатаж байгаль харах боломжтой талбайг төлөвлөснөөр уг байгууламжийг зөвхөн тээврийн хэрэгсэлд зориулагдсан биш, олон нийт ашиглах орон зай болгон шийдсэн байна. Энэ шийдэл нь орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авахад чухал нөлөө үзүүлжээ.
Мөн гүүрийг хангалттай өндөрт төлөвлөсөн тул нуур дээгүүр зорчих завь, жижиг усан тээврийн хэрэгслүүд гүүрний доогуур чөлөөтэй нэвтрэх боломжтой. Ингэснээр авто замын хөдөлгөөн болон усан замын ашиглалт хоорондоо саадгүй уялдан, зэрэгцэн оршиж чадсан юм.

5. Төслийн үр дүн, ач холбогдол
Тойрог гүүр ашиглалтад орсноор:
• Maldonado–Rocha мужийн хооронд хүмүүс, тээврийн хэрэгслээр зорчихдоо цаг агаар үл харгалзан аюулгүй, тасралтгүй зорчих боломж бүрдсэн.
• Өдөрт дунджаар 1000 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдсэн;
• Аялал жуулчлал эрс нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт шинэ боломжууд бий болсон;
• Байгальд ээлтэй төлөвлөлтийн бодит жишээ болж, дэлхийн архитектур, инженерийн салбарт өндөр үнэлгээ авсан.

Сургамж, дүгнэлт:
Лагуна гарзон тойрог гүүр нь зүгээр нэг машин явах гүүр биш юм. Энэ гүүрийг барихдаа инженерийн шийдэл, архитектурын гоо зүй, байгаль орчны хамгаалал, мөн хүмүүсийн хэрэгцээг нэг дор бодолцон төлөвлөсөн байдаг. Тиймээс уг гүүр нь зорчиход аюулгүй байхаас гадна байгальтайгаа зохицсон, хүмүүсийг түр азнаж орчноо мэдрэх боломж олгодог орон зай болж чаджээ.
Энэхүү төсөл нь томоохон дэд бүтцийг заавал байгаль орчинд хор хөнөөл учруулж барих шаардлагагүй, харин зөв төлөвлөж чадвал байгаль, хүний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн байдлаар хэрэгжүүлэх боломжтойг харуулсан сайн жишээ юм. Лагуна гарзон тойрог гүүр нь дэд бүтцийн хөгжил гэдэг нь зөвхөн хурд, хэмжээ биш, харин байгальтайгаа зохицон орших ухаалаг шийдэл байх ёстойг тодорхой харуулсан бүтээн байгуулалтын амжилттай туршлага болж чадсан.
Эх сурвалж:
https://vinoly.com/works/laguna-garzon-bridge/?utm_source
https://interestingengineering.com/culture/circular-bridge-built-to-slow-down-drivers?utm_source
https://theplaidzebra.com/how-a-perfectly-circular-bridge-in-uruguay-makes-a-point/
https://www.atlasobscura.com/places/puente-laguna-garzon?utm_source
https://en.wikipedia.org/wiki/Laguna_Garz%C3%B3n_Bridge?utm_source
https://www.youtube.com/watch?v=vifia5-J2zE
https://www.youtube.com/watch?v=eogk3KdZyzs

 

Command Palette

Search for a command to run...