ПАНАМЫН СУВАГ

Панамын суваг нь Атлантын болон Номхон далайг холбосон, дэлхийн худалдааны чухал зангилаа юм. “Хоёр далайг холбосон дэлхийн гүүр” хэмээн нэрлэгддэг 82 км урт хиймэл усан зам нь Төв Америкийн Панамын нарийхан хүзүүвчийг н
Панамын суваг нь Атлантын болон Номхон далайг холбосон, дэлхийн худалдааны чухал зангилаа юм. “Хоёр далайг холбосон дэлхийн гүүр” хэмээн нэрлэгддэг 82 км урт хиймэл усан зам нь Төв Америкийн Панамын нарийхан хүзүүвчийг нэвтлэн баригдсан бөгөөд олон улсын тээвэр, дэлхийн эдийн засгийн урсгалд томоохон өөрчлөлт авчирсан. Суваг ашиглалтад орсноор хөлөг онгоцнууд Өмнөд Америкийг бүтэн тойрон, аюултай Горн хошуугаар дайрах шаардлагагүй болж, Атлантын далайгаас Номхон далай руу шууд нэвтрэх боломжтой болсон. Үүний үр дүнд тээврийн хугацаа, зардал эрс буурчээ.
Панамын суваг нь инженерчлэлийн өвөрмөц шийдлээрээ онцлог. Тухайлбал, сувгийн гол хэсгийг бүрдүүлэгч Гатун нуур нь далайн түвшнээс 26 метрийн өндөрт оршдог тул хөлөг онгоцыг энэ түвшинд өргөж, нөгөө талд далайн түвшинд буулгах шаардлага үүсдэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд усан хаалт бүхий шатлалт систем буюу “locks”-ийг байгуулсан бөгөөд уг систем нь усны түвшний зөрүүг ашиглан хөлөг онгоцыг үе шаттайгаар дээш өргөж, доош буулгах зарчмаар ажилладаг инженерийн онцгой шийдэл аж. 2016 онд сувгийг өргөтгөснөөр “Neo-Panamax” ангиллын илүү том чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцууд нэвтрэх боломжтой болж, дэлхийн худалдааны урсгалд шинэ гарц нээгдсэн.
Сувгийг барих анхны оролдлогыг 1881 онд Франц улс эхлүүлсэн ч халуун орны хумхаа, шар чичрэг өвчин, мөн инженерчлэлийн хүндрэлээс шалтгаалан бүтэлгүйтжээ. Харин 1904 онд АНУ төслийг хүлээн авч хэрэгжүүлж, 1914 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Барилгын явцад нийтдээ 25 мянга гаруй хүн амь насаа алдсан гэх тоо бий бөгөөд энэ нь уг төслийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд бүтээн байгуулалтын нэг болгосон юм. Өнөөдөр Панамын суваг нь дэлхийн далайн худалдааны ойролцоогоор 6 хувийг дамжуулан өнгөрүүлдэг стратегийн өндөр ач холбогдолтой дэд бүтэц хэвээр байна. Энэ суваг бол зөвхөн хоёр их далайг төдийгүй дэлхийн эдийн засгийг холбосон “усан гүүр” юм.