НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 04 САРЫН 02-НД НЭЭНЭ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2025 оны III улиралд зарласан бөгөөд уг тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу EPC+F хэлбэрээр
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2025 оны III улиралд зарласан бөгөөд уг тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу EPC+F хэлбэрээр зохион байгуулж байна.Уг нөхцөлийн дагуу шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:10 цаг болгон өөрчилжээ.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцийг хэрэгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. Нийт 24.7 км урттай уг зам нь нийслэлийн зургаан дүүргийг дамнан баригдах бөгөөд үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөгдсөн. Монгол Улсад анх удаа 2.08 км урт авто замын туннель баригдах юм. Мөн 13 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар, гурван явган хүний гүүр, дөрвөн нүхэн гарц байгуулахаар тусгасан байна.
Замын үндсэн шийдэл нь хөдөлгөөний урсгалыг ангилан зохион байгуулахад чиглэсэн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь зургаан эгнээтэй, 80 км/цагийн тооцоот хурдтай, гэрлэн дохиогүйгээр дунд болон холын зайн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зохион байгуулалттай байна. Харин туслах гудамж зам нь 2-4 эгнээтэй, 40 км/цагийн хурдтайгаар нийтийн тээвэр болон богино зайн хөдөлгөөнд зориулагдах юм. Урьдчилсан тооцооллоор төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө болон бусад гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурч, хот доторх хөдөлгөөний зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэхээр байна.
Дашрамд дурдахад, “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу үргэлжилнэ.