АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

Улаанбаатар хотын хүн ам, автомашины тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөхийн хэрээр авто замын сүлжээний ачаалал эрс нэмэгдэж, замын түгжрэл нийслэлийн тулгамдсан томоохон асуудлын нэг болоод байна. Тодруулбал, ажлын өдрү
Улаанбаатар хотын хүн ам, автомашины тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөхийн хэрээр авто замын сүлжээний ачаалал эрс нэмэгдэж, замын түгжрэл нийслэлийн тулгамдсан томоохон асуудлын нэг болоод байна. Тодруулбал, ажлын өдрүүдийн оройн оргил ачааллын үед авто машины хурд 5.57 км/цаг болон буурч байгаа бол амралтын өдрүүдийн оргил ачааллын үеэр дундаж хурд 8.19 км/цаг хүрч байгааг холбогдох төслүүдийн хүрээнд хийгдсэн судалгаа харуулдаг. Энэ нь нийслэлийн авто замын сүлжээ одоогийн тээврийн хэрэгслийн өсөлт, хөдөлгөөний эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгааг илтгэж байна.
Иймд хотын тээврийн урсгалыг илүү оновчтой зохион байгуулах, хөдөлгөөний саадгүй байдлыг хангах зорилгоор авто замын дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд шинээр авто зам барих, одоо ашиглаж буй гол магистраль замуудыг өргөтгөн шинэчлэх, мөн хөдөлгөөний ачаалал өндөртэй уулзваруудад гүүрэн байгууламж, нүхэн гарц болон олон түвшний уулзвар барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.
16 төслийн авто замын чиглэлийн “Туулын хурдны зам”, “Шинэ тойрог зам”, “Олон түвшний уулзвар” хийгдэж буй ажлуудыг тоймлон хүргэж байна.
"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА
Туулын хурдны зам төслийн газар шорооны ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Одоогоор төслийн талбайд 70 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилтнууд 56 нэгж машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгслийн хамт барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан. Мөн инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байгаа бөгөөд судалгааны ажлын гүйцэтгэл одоогоор 70 хувьд хүрчээ.
Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулсан. Авто зам, гүүр хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ. “Туулын хурдны зам” нь “Шинэ тойрог зам”-ын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад бодит өөрчлөлт авчрах дэд бүтцийн томоохон төсөл юм. Төслийн хүрээнд нийт 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, 5 байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан.
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 04 САРЫН 02-НД НЭЭНЭ
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2025 оны III улиралд зарласан бөгөөд уг тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу EPC+F хэлбэрээр зохион байгуулж байна.Уг нөхцөлийн дагуу шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:10 цаг болгон өөрчилжээ.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцийг хэрэгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. Нийт 24.7 км урттай уг зам нь нийслэлийн зургаан дүүргийг дамнан баригдах бөгөөд үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөгдсөн. Монгол Улсад анх удаа 2.08 км урт авто замын туннель баригдах юм. Мөн 13 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар, гурван явган хүний гүүр, дөрвөн нүхэн гарц байгуулахаар тусгасан байна.
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Автозамын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөний урсгалыг шинэ коридороор тараах шийдлийн хүрээнд “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд төлөвлөсөн Хоёрдугаар тойрог зам нь 21.6 км урттай байхаар урьдчилсан зураг төслийг боловсруулаад байна. БНХАУ-ын Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп ХК төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй.
Төслийн маршрутын хувьд баруун чиглэл нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгджээ.
“Шинэ их тойруу” буюу Хоёрдугаар тойрог зам нь Улаанбаатар хотыг олон төвт бүтэцтэйгээр хөгжүүлэх, захын хорооллуудын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох юм. Урьдчилсан тооцооллоор энэхүү “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын түгжрэлийг 23 орчим хувиар бууруулж, замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.3 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧИМ, АЧААЛАЛ ӨНДӨРТЭЙ БАЙРШЛУУДАД ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАРЫГ ШИНЭЭР БАРЬЖ БАЙГУУЛНА
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой.
Нийт 18 байршилд 4,500 метр урт нүхэн гарц, 9,000 метр авто зам шинээр барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд таван байршилд техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулж баталсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүргийн Офицерийн уулзвар, Наадамчдын замын явган хүний гүүр, мөн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм.
Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан бөгөөд хотын төвийн бүсийн замын ачаалал буурч, зорчих хугацаа богиносох, шатахуун зарцуулалт багасах, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр нөлөө бий болно.