МЕЛЬБУРН ХОТ-20 МИНУТЫН ХОТЫН БОДЛОГО

Мельбурн хот нь орчин үеийн тогтвортой хот байгуулалтын бодлогын хүрээнд “20 минутын хот” (20-Minute Neighbourhood) үзэл баримтлалыг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн жишиг хотуудын нэг юм. Мэльбурн хот нь Австралийн хоёр дахь
Мельбурн хот нь орчин үеийн тогтвортой хот байгуулалтын бодлогын хүрээнд “20 минутын хот” (20-Minute Neighbourhood) үзэл баримтлалыг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн жишиг хотуудын нэг юм. Мэльбурн хот нь Австралийн хоёр дахь том хот бөгөөд ойролцоогоор 5.35 сая хүн амтай бөгөөд хотын метрополитан бүс нь ойролцоогоор 9’900 км2 газар нутаг эзэлдэг. Хотын хүн амын өсөлт жилд дунджаар 1.8-2.0% орчим байгаа нь хотын дэд бүтэц, тээврийн системд ихээхэн ачаалал үүсгэж байна.
Тус бодлогын гол зорилго нь оршин суугчид өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ болох сургууль, эмнэлэг, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт 20 минутын дотор явган, дугуйгаар эсвэл нийтийн тээврээр хүрэх боломжтой хотын бүтэц бий болгоход оршино. Энэхүү санаачилга нь Викториа мужийн урт хугацааны хөгжлийн бодлого болох “Plan Melbourne 2017–2050” стратегид албан ёсоор тусгагдсан бөгөөд хотын тэлэлт, хувийн тээврийн хэрэгслийн хэт хамаарал, урт хугацааны зорчилт хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хэрэгжиж эхэлсэн. Мөн тус бодлогыг хотын оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үздэг.
Төслийн гол онцлог:
Олон төвт хотын бүтэц: Хотын төвд төвлөрсөн үйлчилгээний загварыг өөрчилж, орон сууцны бүсүүдэд жижиг хэмжээний худалдаа, үйлчилгээ, ажлын байр бүхий нийгмийн дэд бүтцийг бий болгосон.
Явган болон дугуйн дэд бүтэц: Явган хүний зам, дугуйн замын сүлжээг өргөтгөж хотын хэмжээнд 2’000 км-ээс дээш урт дугуйн замын сүлжээ бий болгосон ба хувийн тээврийн хэрэгслээс татгалзах зорилгоор явган болон дугуйн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн.
Нийтийн тээврийн хүртээмж: Метро, трамвай, автобусны зангилаануудыг орон сууцны хорооллуудтай ойр төлөвлөж, 20 минутын дотор хүрэх боломжийг нэмэгдүүлсэн.
Ногоон байгууламж: Орон сууцны бүсүүдэд парк, амралтын талбай, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулсан.
Орон нутгийн эдийн засгийг дэмжих: Мэльбурн хотод 6’000 гаруй жижиг, дунд бизнес, орон нутгийн худалдаа үйлчилгээний төвүүд байдаг ба эдгээрийг дэмжсэнээр оршин суугчдын ойролцоо ажлын байрны боломжийг бий болгосон.
Төслийн сорилт ба шийдэл
Хотын хэт төвлөрөл ба хувийн тээврийн хэрэгслийн хамаарал
Мельбурн хот нь олон жилийн турш хурдтай тэлсэн хотуудын нэг бөгөөд хотын төвд нийгмийн үйлчилгээ, ажлын байрны төвлөрөл үүссэн байсан ба иргэд хувийн тээврийн хэрэгслээр хийх зорчилт хөдөлгөөн их байжээ. Энэ нь замын түгжрэл, агаарын бохирдол, зорчилт хөдөлгөөний хугацаа нэмэгдэх зэрэг асуудал үүсгэдэг байв.
Шийдэл: Хотын төлөвлөлтийн бодлогыг өөрчилж, үйлчилгээ, ажлын байр, боловсролын байгууллагыг орон сууцны бүсүүдэд ойр төлөвлөх “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн. Ингэснээр иргэдийн өдөр тутмын зорчилтын зай багасаж, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээ буурах нөхцөл бүрдсэн.
Дэд бүтцийн хүртээмжийн тэгш бус байдал
Хотын зарим дүүрэгт сургууль, эмнэлэг, худалдааны төв зэрэг нийгмийн үйлчилгээ хангалтгүй байсан нь 20 минутын хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байсан ба тус хотын оршин суугчдын зөвхөн 5.5% нь л 20 минутын хотын шаардлагыг бүрэн хангаж буй бүсэд амьдарч байгаа нь тогтоогдсон.
Шийдэл: Хот төлөвлөлтийн шинэчлэлээр бүс нутгийн үйлчилгээний төвүүдийг хөгжүүлэх, шинэ сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний байгууламжуудыг төлөвлөж барьсан. Мөн нийтийн тээврийн зангилаа бүхий бүсүүдийг “Activity Centre” болгон хөгжүүлсэн.
Нийтийн тээврийн хүртээмжтэй байдал
20 минутын хотын үзэл баримтлал амжилттай хэрэгжихийн тулд нийтийн тээврийн хүртээмж өндөр байх шаардлагатай. Гэвч судалгаагаар Мельбурн хотын оршин суугчдын дөнгөж 13% орчим нь нийтийн тээврийн өндөр хүртээмжтэй бүсэд амьдарч байсан нь бодлогын хэрэгжилтийн томоохон сорилт болж байв.
Шийдэл: Хотын захиргаа Transit-Oriented Development (TOD) буюу нийтийн тээврийн буудал орчмын төв хэсгийг орон сууцны бүсүүдтэй холбосон Тээвэрт суурилсан хөгжүүлэлтийн төлөвлөлтийг хэрэгжүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.
Хот төлөвлөлтийн зохицуулалт
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, газар ашиглалтын төлөвлөлт хоорондоо уялдаагүй байсан нь шинэ төвүүдийг бий болгоход саад болж байв.
Шийдэл: Газар ашиглалтын бүсчлэл, барилгын норм дүрмийг шинэчилж, холимог ашиглалт (Mixed-use Development)-ыг дэмжсэн. Ингэснээр нэг бүсэд орон сууц, оффис, үйлчилгээний байгууллагууд зэрэгцэн байрлах боломж нэмэгдсэн.
Нийгмийн хүлээлт ба оршин суугчдын оролцоо
Хотын зарим оршин суугчид өндөр нягтралтай барилгажилт нэмэгдэхээс болгоомжилж, шинэ төлөвлөлтийн бодлогыг эсэргүүцэх хандлага гарч байсан.
Шийдэл: Орон нутгийн иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг, судалгаа, туршилтын төслүүдийг хэрэгжүүлж, бодлогын үр нөлөөг тайлбарлах замаар нийгмийн ойлголтыг нэмэгдүүлсэн.
Төслийн үр нөлөө
Оршин суугчдын 70%-иас илүү хувь нь парк, ногоон байгууламжид 10-15 минутын алхалтын зайд хүрэх боломжтой болсон нь оршин суугчдын амьдрах орчны чанар сайжрахад нөлөөлсөн гэж үздэг.
Явган болон дугуйн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн төлөвлөлтийн үр дүнд явган болон дугуйн зорчилт хөдөлгөөн зарим дүүргүүдэд 15-20%-иар нэмэгдсэн байна.
Хотын зарим дүүрэгт хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээ буурч, нийтийн тээврийн хэрэглээ өссөнөөр өдөр тутмын хувийн тээврийн хэрэгслийн зорчилт хөдөлгөөний тоо дунджаар 10-15%-иар буурсан тооцоо гарсан.
Орон нутгийн жижиг бизнес, худалдаа үйлчилгээний төвүүдийн эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн.
Хотын төлөвлөлтийн бодлого нь тогтвортой, уян хатан, хүн төвтэй хотын загвар руу шилжих суурийг бүрдүүлсэн.
Сургамж
Хотын тэлэлтийг зөвхөн дэд бүтцийн өргөтгөлөөр шийдэхээс илүү орон зайн төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг хамтад нь төлөвлөх нь илүү үр дүнтэй байдаг. Явган болон дугуйн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн хотын бүтэц нь эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн олон талын ашиг тус бий болгодог.
Хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоо, ил тод хэлэлцүүлэг маш чухал. “20 минутын хот” үзэл баримтлал нь зөвхөн тээврийн асуудлыг шийдэх биш, хотын амьдрах орчныг бүхэлд нь сайжруулах нэгдсэн хот байгуулалтын стратеги гэдгийг харуулж байна.
Эх сурвалж
https://www.planning.vic.gov.au/
https://www.planning.vic.gov.au/guides-and-resources/strategies-and-initiatives/plan-melbourne/the-plan?utm_source=chatgpt.com
https://www.planning.vic.gov.au/guides-and-resources/strategies-and-initiatives/20-minute-neighbourhoods?utm_source=chatgpt.com