ОЛОН ТӨРӨЛТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогод Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын стандарт, шаардлагад нийцсэн олон төрөлт системтэй болгох зорилтыг тусгас
Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогод Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын стандарт, шаардлагад нийцсэн олон төрөлт системтэй болгох зорилтыг тусгасан. Энэ хүрээнд “Олон төрөлт нийтийн тээврийн тухай” хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас 2025 оны 12 дугаар сард “Олон төрөлт нийтийн тээврийн тухай хуулийн төсөлд зөвлөх үйлчилгээ авах” тендерийг зарлаж, сонгон шалгаруулалтаар “Өмгөөллийн Эл Би Партнерс” ХХК шалгарсан. Үүний дагуу хийсэн судалгаа, боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах, холбогдох байгууллагуудын саналыг авах зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, гэрээ, эрх зүйн газар, Нийтийн тээврийн бодлогын газрын төлөөлөл, Нэгдсэн төслийн удирдлагын газрын удирдлагууд, алба хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтын үеэр “Олон төрөлт нийтийн тээврийн тухай” анхдагч хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын урьдчилсан судалгаа, олон улсын туршлага, хууль эрх зүйн орчны харьцуулсан шинжилгээ, мөн хуулийн төслийн үзэл баримтлал, бүтэц, зохицуулах хүрээг танилцуулсан юм. Мөн нийтийн тээврийн төрөл хоорондын уялдаа холбоог хангах, тээврийн нэгдсэн удирдлага, төлөвлөлтийн тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах асуудлаар оролцогч талууд санал солилцож, хуулийн төсөлд тусгах саналуудыг хэлэлцлээ.
Цаашид хуулийн төслийг боловсронгуй болгох зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн саналыг үе шаттайгаар авч, судалгаа, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.