НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

2026.03.1555 үзсэн
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT)” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО Улаанбаатар хотод Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэх “Тусгай замын автобус

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT)” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Улаанбаатар хотод Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэх “Тусгай замын автобус (BRT)” төслийн Удирдах хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
Нийслэлийн Засаг даргын А/226 дугаар захирамжаар байгуулагдсан тус удирдах хороог Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахалж байна. Хорооны бүрэлдэхүүнд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Нансалмаа болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл багтаж хуралд цахимаар оролцов.
Хуралдааны үеэр “Тусгай замын автобус (BRT)” төслийн ерөнхий танилцуулгыг хийж, улмаар 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцсон. Түүнчлэн төслийн Удирдах хорооны дотоод журмыг танилцуулж, цаашид төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой асуудлаар ярилцлаа.
Тус хороо нь төслийн хэрэгжилтийг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангах үүрэгтэй юм.


“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
“Улаанбаатар трамвай” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбай-Буянт-Ухаа спорт цогцолбор чиглэлд баригдах бөгөөд нийт 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.
Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох тус шугамыг 2026-2028 онд барих бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ. Тендерт оролцогчдын баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл хүлээн авч, тухайн өдрийн 11:40 цагт нээх юм.
Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй бөгөөд гүйцэтгэгч төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.
“Улаанбаатар Трамвай” төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Түүнчлэн уг төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах тооцоо гарсан нь хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн трамвайн зогсоолуудын орчмын бүсэд үйлчилгээ, худалдаа, жижиг, дунд бизнес хөгжих боломж нэмэгдэхээр байна.
Төслийн бүтээн байгуулалтын хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр шинээр бий болох урьдчилсан судалгаа гарчээ.


УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 7 ДУГААР САРЫН 3-НД НЭЭНЭ
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. II шатны Багц 1-ийн тендерийг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нээхээр төлөвлөж байсан ч оролцохоор сонирхсон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тодруулгатай холбоотойгоор хугацааг 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Тодруулбал, НХААГ/20250101746 дугаартай Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцогчоос тодруулга ирсэнтэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 9.3 дахь хэсгийг үндэслэн холбогдох өөрчлөлтийг оруулсныг хавсралтаар хүргүүлжээ. Мөн тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацаанд өөрчлөлт оруулж, шинэчилсэн хугацааг албан бичгээр мэдэгдсэн байна.
Тендер шалгаруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүд шинэчлэгдсэн тендерийн баримт бичигтэй сайтар танилцаж, шаардлагад нийцүүлэн материалаа бүрдүүлж оролцохыг холбогдох байгууллагаас тодотгожээ.
Мөн дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тендертэй холбоотой тодруулгыг цахим худалдан авах ажиллагааны системд нээлттэй байршуулсан бөгөөд ийнхүү байршуулснаар сонирхогч бүх этгээдэд хүргүүлсэнд тооцох юм.


ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНӨӨС ЯАРМАГ ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧ УРСГАЛЫН 17-18 ХУВИЙГ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол тэнхлэгүүдийн нэг болох Энхтайваны өргөн чөлөө болон Наадамчдын гудамжийг шууд холбосон зам, тээврийн сүлжээ болон нийтийн тээвэр одоогоор байхгүй байна. Иймээс хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх зорилгоор Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн хүрээнд буудал, тулгуур, техникийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажил өрнөж, тросс татахад зориулсан суурийн арматур болон бетон цутгалтын ажил хийгдэж байна. Тодруулбал, Яармаг, Арцат талын гаражийн барилгын гадна ханын өрлөгийн ажил хийгдэж байгаа бол дотор талд доторлогоо болон дотоод бэлтгэл ажлууд явагдаж байна. Харин Өнөр хорооллын буудал дээр инженерийн шугам сүлжээний сувагчлалын ажил, мөн барилгын шалны бэлтгэл ажлууд зэрэгцэн хийгдэж байна.

Дашрамд дурьдахад, Яармаг болон Хархорин орчмыг хооронд нь холбосон шууд зам одоогоор байхгүй тул иргэд Гурвалжингийн гүүр, Яармагийн гүүр эсвэл Сонсголонгийн гүүрээр тойрч зорчих шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалан оргил ачааллын үед зорчих хугацаа 2-3 цаг, түүнээс ч илүү үргэлжлэх тохиолдол гардаг байна. Эдгээр бүсүүд нь Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй ч хоорондоо авто зам болон нийтийн тээврийн шууд сүлжээгээр холбогдоогүй, дундуураа тусгаарлагдсан орон зай юм. Мөн дүүжин замын тээвэр нь баригдах хугацаа богино, хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй бага, газар чөлөөлөлт бага шаарддаг, хотын өнгө үзэмжид эерэг нөлөөтэй, байгальд ээлтэй тээврийн төрөл гэдгээрээ давуу талтай тул урьдчилсан судалгаануудын үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэхээр сонгожээ. 

Төслийг хэрэгжүүлснээр Энхтайваны өргөн чөлөөнөөс Яармаг чиглэлийн зорчигч урсгалын 17-18 хувийг тээвэрлэх боломж бүрдэх тооцоо гарсан бөгөөд энэ нь хотын баруун өмнөд хэсгийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
 

Command Palette

Search for a command to run...