ЭРЧИМ ХҮЧ ТӨСӨЛ

2026.03.2262 үзсэн
ЭРЧИМ ХҮЧ ТӨСӨЛ

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүү

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа 5-6 метр.куб үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой. 

Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт байршуулахаар төлөвлөжээ. Тус үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан байх бөгөөд нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглах, лагийн шинж чанарын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох, үнэр болон хорт хийг хамтад нь цэвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн шийдлийг нэвтрүүлэх аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэхгүй болохоос гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, орчны бохирдлыг багасгана.

ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих 35 МВт хүчин чадалтай Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж, нийт 158 нэгж талбараас одоогийн байдлаар 109-ийг нь чөлөөлөөд байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/85 дугаар тогтоолоор тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг Даргын 2026 оны 02 дугаар сарын 12-ны А/222 тоот захирамжаар төслийн түншлэлийн гэрээ байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, шалгарсан түншлэгчтэй түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Урьдчилсан сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 02-р сарын 12-ны өдөр Улаанбаатар.мн болон Өнөөдөр сонинд хэвлүүлсэн. Санал авах эцсийн хугацааг 2026.03.16-ны өдрөөр товлосон билээ.

Манай улсын нийт хог хаягдлын 50 орчим хувь нь нийслэлээс гардаг бөгөөд энэ нь хогийн төвлөрсөн цэгүүдийн ачааллыг хэт нэмэгдүүлж, хөрс, агаар, газрын доорх усны бохирдлыг дагуулж байна. Иймд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан. Төсөл нь хог хаягдлыг устгах уламжлалт аргыг орлохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх давхар үр ашигтай шийдэл гэдгээрээ онцлог юм.

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэх бэлтгэл хангагдаад байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх ажлууд шат дараатайгаар хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 74-р тогтоолоор төсөл хэрэгжүүлэх талбайг батлуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газрын эзэмших эрхийг нийслэлд шилжүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогны цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрыг эзэмших эрх гарсан. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна.

Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн үндэсний төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан ба Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлүүдийн дагуу зургийн ажлууд хийгдэж байна. Станцын түлшний хангалтыг найдвартай болгох зорилгоор Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс салбар төмөр зам татах боломжийг судалж, шинэ салбар төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй хангаж, станцын түлшний нөөцийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэх юм. Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” компани ажиллаж байна.

Технологийн хувьд ДЦС-5 нь агаарын хөргөлттэй конденсатортой мөн усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ харьцангуй бага байх онцлогтой. Станц нь эргэлтэт буцламтгай үет шаталттай (CFB) төрлийн зуух ашиглах тул хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц багасна гэсэн судалгаа гарсан. Дулааны тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулах юм.

  

Command Palette

Search for a command to run...