Орон сууцжуулах төслүүдийн тойм мэдээ

Сэлбэ хот орон сууцжуулах төсөл: Эхний ээлж ирэх оны III улиралд ашиглалтад орно Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Сэлбэ хотын бүтээн байгуулалт
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл: Эхний ээлж ирэх оны III улиралд ашиглалтад орно
Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбайд өнөөдрийн байдлаар 1066 инженер, техникийн ажилтнууд 56 машин механизмтайгаар төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэж байна. Төсөл хэрэгжих хугацаанд 10 мянга гаруй түр ажлын байр бий болгох юм.
Тус төслийн хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 47.25 га талбайн 19 хэсэгт үйлчилгээтэй орон сууцны барилга, олон нийтийн барилга, байгууламж, худалдаа, үзвэр үйлчилгээ, өрхийн эмнэлэг, цагдаа, спорт цогцолбор, давхар зогсоол, авто үйлчилгээ зэргийг төлөвлөсөн байна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөжээ.
Төслийн гүйцэтгэгчдийн 70-80 орчим хувийг үндэсний буюу дотоодын аж ахуйн нэгжүүд бүрдүүлж буй. Тодруулбал, ерөнхий гүйцэтгэгч найман компани 268 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон нийслэлийн бусад дүүргийн иргэдийг ажиллах хүчээр татан оролцуулж байна. Төслийг хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж, ашиглалтад оруулах юм.
Баянхошуу орон сууцжуулах төсөл: Төсөл хэрэгжсэнээр 5000-8000 яндан буурна
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, 5000 айлын орон сууц барих Баянхошуу хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Баянхошуу дэд төвд 110 айлын 4 блок орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн 226 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 57-82 хувин гүйцэтгэлд хүрээд байгаа юм. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5000-8000 яндан , 500 орчим нүхэн жорлонг халж, агаар болон хөрсний бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах чухал үр дүн гарна.
Ханын материал орон сууцжуулах төсөл: 3000 айлын орон сууц бий болно
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа билээ. Тус төслийн эх загвар зураг батлагдаж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд эхэлж, барилгын түр хашаа барих, талбайн зохион байгуулалт хийх, инженерийн шугам сүлжээний трасс тодорхойлох зэрэг ажлууд хийгдэж эхэлсэн байна. Төслийг нийт 20.7 га талбай бүхий 213 нэгж талбарт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 210 нэгж талбарыг чөлөөлжээ. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор тус бүсэд 130 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах байршлыг тогтоосон ч Б2 хэсэгчилсэн талбайд хэрэгжих ёстой төсөл 10 гаруй жилийн турш зогсонги байдалд орж, иргэдийн амьдрах орчин доройтох нөхцөл үүссэн. Иймээс нийслэлийн зүгээс уг төслийг дахин төлөвлөж, хэрэгжилтийг эрчимжүүлэн бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхлээд байна.
Хүннү дэд бүтэц: Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р суваг угсралтын ажил 82% гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга ажлын хүрээнд Үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажлын зураг төслийг 2022 онд “Хидродизайн прожект” компани боловсруулж, үерийн сувгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” компани ажиллаж байна. Нийт 4,6 км урттай үерийн хамгаалалтын 1-р сувгийн угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төслийн талбайд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй 9 машин механизм ажиллаж байна.
Мөн Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт импэкс” компани гүйцэтгэж байна.