НИЙСЛЭЛ ДОТООД БОНД ГАРГАЖ, ДЦС-5 ТӨСЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ

Нийслэл Улаанбаатар хот дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бондын анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж, “цан цохих” ёслолыг зохион байгууллаа. Энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан стан
Нийслэл Улаанбаатар хот дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бондын анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж, “цан цохих” ёслолыг зохион байгууллаа. Энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болж байна. Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд үүний хүрээнд дээрх бондыг гаргаж байгаа юм.
Ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлэхдээ, нийслэлийн эрх зүйн орчны шинэчлэлийн үр дүнд томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүгийн олон төрлийн хэрэгслээр санхүүжүүлэх боломж бүрдсэнийг онцлов. Тэрбээр Улаанбаатар хотын хүн амын 40 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгааг дурдаад, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Шинээр гаргаж буй нийслэлийн бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэллээ.
Мөн нийслэл өмнө нь гаргасан дотоод бондоо бүрэн төлж барагдуулсан тул шинэ бонд гаргах санхүүгийн боломж бүрдсэн гэдгийг онцолсон юм. ДЦС-5 төсөл нь нийт 658.5 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжих бөгөөд үүнээс нийслэлийн хариуцах 20 хувь буюу 131.7 сая ам.долларыг үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр шийдвэрлж, төслийн барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Уг станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болох юм. Төслийн эхний блокийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар зорьж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай хамтран ажиллаж байна. Нийслэл цаашид томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх бодлогыг баримталж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.