“ALVAREZ&MARSAL” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь нийслэл болон улсын стратегийн ач холбогдол бүхий 16 мега төслийг нэгдсэн бодлого, төлөвлөлт, менежментээр хариуцан хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээн байгуулал
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь нийслэл болон улсын стратегийн ач холбогдол бүхий 16 мега төслийг нэгдсэн бодлого, төлөвлөлт, менежментээр хариуцан хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн уялдаа холбоог хангах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
НТУГ-ын удирдлагууд дэлхийн хэмжээний бизнес консалтинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч “Alvarez&Marsal” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.31/ Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 16 мега төслийн хэрэгжилтэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой бүтэц бүрдүүлэх, төслийн менежмент, засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх боломжийг тодорхойлоход чиглэсэн. Мөн талууд урт хугацаатай, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татах, төслийн санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов. Түүнчлэн эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, орон сууц зэрэг салбарын томоохон төслүүдийг үе шаттай, үр ашигтай хэрэгжүүлэхэд олон улсын туршлага, зөвлөх үйлчилгээний оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Цаашид “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь хариуцан хэрэгжүүлж буй 16 мега төслийн бэлтгэл, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг шат дараатай өргөжүүлэхээр зорьж байна.
Уулзалтад НТУГ-ын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Лхагвасүрэн, Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар, Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга Ж.Лхагвадорж, Хөрөнгө оруулалтын хэлтэсийн дарга Б.Хулан, “Central Eurasia” компанийн төлөөлөл Антон Авазански, Демитрий Пешнев Подолский мөн Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.