ДЭД БҮТЭЦ, УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ ШУУДУУ УХАХГҮЙГЭЭР ШУГАМ ШИНЭЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах зорилгоор бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэг
ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ ШУУДУУ УХАХГҮЙГЭЭР ШУГАМ ШИНЭЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ
Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах зорилгоор бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс Дэлхийн банкны санхүүжилтээр 9 байршилд нийт 102.72 км урт суваг барих юм. . Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг Pipe Bursting аргаар 250 мм болгон өргөтгөснөөр дамжуулах хүчин чадал 22.3 л/с-ээс 52.5 л/с болж, 2.3 дахин нэмэгдэх ажээ.
Төсөл хоёр багц ажлын хүрээнд хэрэгжих бөгөөд нэгдүгээр багцын техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил хийгдэж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Харин хоёрдугаар багцын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд 300-400 мм-ийн голчтой шугамуудыг Close Fit болон CIPP технологиор доторлон шинэчилснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар нэмэгдэхийг гидравлик загварчлалаар баталгаажуулжээ.
Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирч, байгалийн гамшгийн эрсдэл буурах төдийгүй хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг хослуулсан цогц, тогтвортой шийдэл бий болох юм.
ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ГҮНИЙ УСНЫ ХЭТ АШИГЛАЛТЫГ БУУРУУЛНА
Туул усан цогцобор нь Улаанбаатар хотын ус хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, үерийн эрсдлийг бууруулах ач холбогдол бүхий дэд бүтцийн төсөл юм. Төслийн хүрээнд ус багатай улиралд нийслэлийн ус хангамжийг гадаргын усаар хангах, мөн Туул голын урсацад тохируулга хийж үерийн эрсдэлийг бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд Инженер-геологийн судалгаа, топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд хийгдсэн байна. Төсөл 2027-2032 оны хооронд хэрэгжих бөгөөд нийт төсөвт өртөг эхний байдлаар 300 сая ам.доллар байхаар төлөвлөгджээ.
Мөн төслийн бодлогын үндэслэл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй тусгагдсан.
Төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг зохицуулалттайгаар ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулна. Мөн үерийн урсацыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг илүү тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох стратегийн ач холбогдолтой юм.
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30км зайд, нийт 539 га газарт “Эмээлт Эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулахаар төлөвлөж, ажлууд хийгдэж байаа билээ.
Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж НИТХ-аар 2024 онд батлуулсан ба газрын зөвшөөрлийг аваад байна. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж НИТХ-аар 2024 онд батлуулсан бөгөөд газрын зөвшөөрөлийг авсан. Паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн. Түүнчлэн барилга угсралтын ажлыг дөрөвдүгэээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Төслийг хэрэгжүүлснээр 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мян.тн завод ноос, 5.8 мян.тн ноос, 3.0 мян.тн ноолуур, 2.5 мян.тн ээрэх, 25.5мян.тн мах, 98.4 мян.тн дайвар түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5,600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гараад байна. Үүний зэрэгцээ Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэнэ.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж, дэд бүтцийн бэлэн байдлыг бүрдүүлснээр тойрог эдийн засгийг дэмжих замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргана, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа бохирдсон хөрсийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийснээр нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэнэ.