НИДЕРЛАНД УЛСЫН DELTA WORKS ТӨСӨЛ: 39 ЖИЛИЙН ТУРШ БАРИГДСАН ҮЕРИЙН АЮУЛААС ХАМГААЛСАН ЦОГЦ ШИЙДЭЛ

Нидерланд улс үерийн аюултай тэмцэх дэлхийн хамгийн амжилттай жишээ болох Delta Works төслийг хэрэгжүүлж, усны менежментийн салбарт тэргүүлэгч орон хэвээр байна. Тус төслийг 1953 оны аймшигт үерийн дараа эхлүүлсэн бөгөөд
Нидерланд улс үерийн аюултай тэмцэх дэлхийн хамгийн амжилттай жишээ болох Delta Works төслийг хэрэгжүүлж, усны менежментийн салбарт тэргүүлэгч орон хэвээр байна. Тус төслийг 1953 оны аймшигт үерийн дараа эхлүүлсэн бөгөөд 1958–1997 онд 39 жилийн турш үе шаттайгаар барьж байгуулжээ. Энэхүү үерийн гамшгийн улмаас 1800 гаруй хүн амь насаа алдаж, улс орон даяар их хэмжээний хохирол учирсан нь ийм томоохон шийдэл хэрэгжүүлэх шалтгаан болсон байна.
Delta Works нь зөвхөн нэг далан биш бөгөөд далан, хөдөлгөөнт ус хаах хаалт, шлюз, суваг, насос станц зэргийг багтаасан нэгдсэн цогц систем юм. Ялангуяа шуурганы үед хаагддаг аварга хаалтууд нь далайн ус хот, суурин руу нэвтрэхээс сэргийлдэг. Мөн усны түвшин, урсгалыг нарийн хянаж, гол мөрөн болон далайн усны харилцан нөлөөг зохицуулдаг онцлогтой.
Энэхүү системийн ачаар Нидерландын нам дор газар нутаг, олон сая хүний амьжиргаа, дэд бүтэц үерийн эрсдлээс найдвартай хамгаалагдаж байна. Түүнчлэн тус төсөл нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хот төлөвлөлт, газар ашиглалтыг аюулгүй болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд, “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах бөгөөд үүнээс Дэлхийн банкны санхүүжилтээр 9 байршилд нийт 102.72 км урт суваг барих юм. Төсөл хоёр багц ажлын хүрээнд хэрэгжих бөгөөд нэгдүгээр багцын техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил хийгдэж байгаа бөгөөд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин хоёрдугаар багцын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд 300-400 мм-ийн голчтой шугамуудыг Close Fit болон CIPP технологиор доторлон шинэчилснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар нэмэгдэхийг гидравлик загварчлалаар баталгаажуулжээ.
Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирч, байгалийн гамшгийн эрсдэл буурах төдийгүй хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг хослуулсан цогц, тогтвортой шийдэл бий болох юм.