ШВЕД УЛС ХОГОО ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭН ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2026.06.1037 үзсэн
ШВЕД УЛС ХОГОО ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭН ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Швед улс хог хаягдлыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах тогтолцоогоороо дэлхийд үлгэр жишээ болж байна. Тус улсын ахуйн хог хаягдлын 99 гаруй хувийг дахин боловсруулах эсвэл эрчим хүч болгон ашигладаг бөгөөд хог булш

Швед улс хог хаягдлыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах тогтолцоогоороо дэлхийд үлгэр жишээ болж байна. Тус улсын ахуйн хог хаягдлын 99 гаруй хувийг дахин боловсруулах эсвэл эрчим хүч болгон ашигладаг бөгөөд хог булшлах хэмжээ бараг байхгүй болсон байна. 

Шведийн "Waste-to-Energy" буюу хогноос эрчим хүч үйлдвэрлэх систем нь дахин боловсруулах боломжгүй үлдэгдэл хогийг өндөр температурт шатааж, үүссэн дулаанаар цахилгаан болон төвлөрсөн дулаан үйлдвэрлэдэг онцлогтой. Ингэснээр хогийн цэгийн талбайг багасгахаас гадна чулуужсан түлшний хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна. 

Шведийн олон хотод хог шатаах үйлдвэрүүд төвлөрсөн дулааны сүлжээтэй холбогдсон байдаг. Тухайлбал, Хельсингборг хотын Филборна үйлдвэр бүс нутгийн ангилсан хогийг боловсруулж, хотын дулааны хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг байна.
Мөн Гётеборг хотын Ренова үйлдвэр жил бүр их хэмжээний цахилгаан, дулаан үйлдвэрлэж, бүс нутгийн төвлөрсөн дулааны сүлжээний 30 хувь, цахилгааны хэрэгцээний тодорхой хэсгийг хангаж байгаа аж. 

Шведийн Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр тус улсын нийт хот, суурингийн 98 хувь нь төвлөрсөн дулаан болон хамтарсан дулаан цахилгаан үйлдвэрлэлийн системтэй бөгөөд хогноос эрчим хүч гаргах технологи нь өвлийн улиралд найдвартай дулаан нийлүүлэх чухал эх үүсвэр болжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүйтэн уур амьсгалтай, төвлөрсөн дулааны сүлжээтэй орнуудад Шведийн энэхүү загвар амжилттай нутагших боломжтой бөгөөд нүүрсний хэрэглээг бууруулах, хог хаягдлын асуудлыг зэрэг шийдэх давуу талтай гэж онцолж байна
 

Command Palette

Search for a command to run...