“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн дундын тайланг хэлэлцэж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, ухаалаг, дижитал хотын тээврийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төс
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, ухаалаг, дижитал хотын тээврийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн дундын тайлангийн II семинар 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар, Төслийн Менежер Ли Хүн Ки нар арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд улмаар төслийн дундын тайланг танилцуулж, тээврийн судалгааны үр дүн, зорчилт хөдөлгөөний эрэлтийн шинжилгээ, авто замын сүлжээ хөгжүүлэх стратеги, нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлт, ухаалаг тээврийн систем (ITS), байгальд ээлтэй тээврийн бодлогын чиглэлээр боловсруулсан санал, зөвлөмжүүдийг хэлэлцлээ. Мөн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, хэрэгжилтийн үе шаттай төлөвлөгөө, санхүүжилтийн боломжууд болон эрх зүйн орчны асуудлыг тусгайлан авч үзсэн байна.
Семинарын хүрээнд оролцогчид төслийн явц, боловсруулсан стратеги, тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг илүү үр ашигтай, хүртээмжтэй болгоход чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцсэн.
Төслийн эцсийн зорилго нь Улаанбаатар хотын тээврийн салбарын урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж, авто зам, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем болон байгальд ээлтэй тээврийн бодлогыг уялдуулсан нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулахад чиглэж байна.
Төслийг БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI), Дон Мёнг Инженеринг Консалтинг (DMEC), HD Корпорациас бүрдсэн консорциум хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын газар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож байна.