ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС BRT, ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР, МЕТРО ЗЭРЭГ ТӨСЛИЙН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ТУСГАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ ДУУССАН

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн явц, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар мега төслүүдийг эрэмбэлэх, шинэчилсэн
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн явц, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар мега төслүүдийг эрэмбэлэх, шинэчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, НИТХ-д танилцуулахаас гадна тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж, гарц шийдэлд хүрэхийг зорилго болгож буйг ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг онцлов.
Тус хэлэлцүүлэгт “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хүннү хотын захирагчийн ажлын алба, “Хүннү хотын хөгжлийн корпораци” ХХК, “Дулааны V цахилгаан станц” ОНӨААТҮГ, “Сэлбэ 20 минутын хот” ХХК, “Эмээлт Эко аж үйлдвэрийн парк” ХК, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын явцын талаар танилцуулсан.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг, төслүүдийн явц хэрэгжилтийг танилцуулсан бөгөөд Метро, Тусгай замын автобус BRT, Дүүжин замын тээвэр төслийн эрхзүйн орчинг бүрдүүлэх тусгай хуулийн төсөл боловсруулж буйг тодотгов. Энэхүү хуулийн төслийг боловсруулснаар уламжлалт авто тээврийн хуулиар зохицуулах боломжгүй метро болон бусад олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, өмчлөл, ашиглалт, газар чөлөөлөлтийг шийдвэрлэх боломжтой болно. Мөн Их багтаамжийн нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалтын явцад бий болох инженерийн болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуульчлах зэрэг өргөн хүрээний шийдлүүд бүрдэхийг танилцуулав.
· Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын EPC нийт гүйцэтгэл 21,7 хувьтай хэрэгжиж байна. ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнс зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 103 мян м3 орчим үнс зөөжээ.
· “Хүннү хот” төслийн дэд бүтцийн эх үүсвэрийн ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн бол Сэлбэ хот төслийн хувьд 35 хувийн гүйцэтгэлтэй байна.
· “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд барих 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ерөнхий төлөвлөлт, загвар зураг батлагдсан бөгөөд ерөнхий төлөвлөлт, загвар зургийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар батлаад байгаа аж.
· “Тусгай замын автобус BRT” төслийн нарийвчилсан ажлын зураг (DED) болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлт (DOD)-ийн зөвлөх үйлчилгээний тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Азийн хөгжлийн банкны журмын дагуу олон улсад зарласан. Эхний шатны тендэрийг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хааж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороод хуралдан богино жагсаалт гаргаж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн явц, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг, гишүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Ж.Батбаясгалан, Д.Бадарсан, О.Зундуйдорж, Б.Мөнхбат, Б.Мөнхбаатар, З.Төмөртөмөө, Ц.Төрхүү, Б.Хуягбаатар болон нарийн бичгийн даргаар Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хуралдааны хэсгийн дарга Г.Батжаргал нар ажиллаж байна.