Япон Улс "Хогноос эрчим хүч үйлдвэрлэх шинэ үйлдвэр"-ээ 2028 онд ашиглалтад оруулна

Япон улс хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх салбараа тасралтгүй шинэчилсээр байна. Хамгийн сүүлийн томоохон төслүүдийн нэг нь Айчи мужийн Оварихокүбу (Owarihokubu) хог боловсруулах холбооны шинэ Waste-to-Energy үйлдвэр б
Япон Улс хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх салбартаа хөрөнгө оруулж, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлсээр байна. Үүний нэг нь Айчи мужийн Оварихокүбу (Owarihokubu) хог боловсруулах холбооны шинэ Waste-to-Energy үйлдвэр бөгөөд уг төслийг Mitsubishi Heavy Industries Environmental & Chemical Engineering (MHIEC) компани хэрэгжүүлж байгаа аж. Тус үйлдвэрийг 2023 онд захиалж барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2028 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү үйлдвэр нь Айчи мужийн Инуяма, Конан, Огүчи, Фүсо гэсэн дөрвөн хот, суурингийн ахуйн хогийг боловсруулж, цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэх юм. Төсөл нь хуучирсан хог боловсруулах байгууламжийг орчин үеийн өндөр үр ашигтай технологиор солих зорилготой бөгөөд дугуй эдийн засаг, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах Японы бодлогын нэг хэсэг болж байна.
Шинэ үйлдвэр нь өндөр үр ашигтай шатаах зуухтай, үүссэн дулаанаар уур үйлдвэрлэж турбин ажиллуулан цахилгаан үйлдвэрлэхээс гадна азотын исэл, хүчиллэг хий, нарийн ширхэгт тоосонцрыг олон шатлалт шүүлтүүрээр цэвэрлэх системтэй, барилгын зураг төсөлдөө эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шийдлүүдийг тусгажээ. Төслийн нийт өртөг нь ойролцоогоор 251 сая ам.доллар бөгөөд барилгын ажилд бүс нутгийн компаниудыг өргөнөөр оролцуулж байгаа нь орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой гэнэ. Энэхүү төсөл нь Япон Улс хог хаягдлыг зөвхөн устгах биш, эрчим хүчний үнэ цэнтэй эх үүсвэр болгон ашиглах бодлогыг цаашид ч үргэлжлүүлж буйг харуулсан хамгийн сүүлийн үеийн томоохон жишээ юм.