АФРИКИЙН СЕНЕГАЛ УЛСЫН ДАКАР ХОТНОО 1998 ОНД БОЛСОН COP2 БАГА ХУРАЛД 170 ГАРУЙ УЛС ОРОЛЦЖЭЭ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын хоёр дугаар бага хурал (КОП2) 1998 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний хооронд Африкийн Сенегал улсын Дакар хотноо болсон түүхтэй. Тус хуралд НҮБ-ы
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын хоёр дугаар бага хурал (КОП2) 1998 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний хооронд Африкийн Сенегал улсын Дакар хотноо болсон түүхтэй. Тус хуралд НҮБ-ын Конвенцод нэгдсэн гишүүн орнууд болох нийт 170 гаруй улс, тэр дундаа Африк тивийн орнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байдаг. Тэрхүү өдрүүдэд цөлжилт, газрын доройтол, байгаль орчны хамгааллын асуудлаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
COP2-ын хурлын гол ажиллагаа нь Дакар хотын хойгт байрлах “Меридиен Президент” Олон Улсын хурлын төвд болж, тус үндсэн танхимаас гадна нэмэлт уулзалтын өрөө, албан бус уулзалтын зориулалттай бусад талбайг ашиглаж байв.
Хурал зохион байгуулагдсан “Меридиен Президент” төв нь 1974 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын үзэсгэлэн, худалдаа, хурал зохион байгуулах зориулалтын дэд бүтэцтэй байсан. Нийт 5,000 мкв талбайтай, зургаан хэлээр зэрэг орчуулах тоног төхөөрөмжтэй, 120 хүний суудалтай хэвлэлийн бүсийг тохижуулжээ.
Тус төвийг 1991 онд Дакарт болсон Исламын бага хурлын байгууллага (OIC)-ын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авахтай холбоотойгоор барьсан бөгөөд тухайн үеийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 33 тэрбум CFA франк байв. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон 1998 оны 4 дүгээр сард Сенегалд айлчлахдаа тус зочид буудалд байрлаж, хэвлэлийн уулзалт хийж байсан нь онцлох үйл явдлаар нэрлэгдэж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын хоёр дугаар бага хурал (КОП2) Сенегалд болсон нь бэлгэдлийн ач холбогдолтой хэмээн дүгнэдэг. Учир нь Африк тив цөлжилт, гангийн нөлөөнд хамгийн их өртөж буй бүсүүдийн нэг бөгөөд UNCCD-ийн Африкт зориулсан бүс нутгийн хэрэгжилтийн хавсралт нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээг үндэсний, бүс нутгийн болон дэд бүсийн түвшинд хэрэгжүүлэхийг чухалчилдаг.
Хурлын үр дүнд Африк тивд чиглэсэн санхүүжилтийн тэргүүлэх байдлыг тодорхойлж, хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг Африк руу чиглүүлэх шаардлагыг улс төрийн түвшинд баталгаажуулж чаджээ. Мөн COP2-ын хамгийн чухал институцийн шийдвэрүүдийн нэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Германд байрлуулах тухай Засгийн газар хоорондын тохиролцоог баталж, 1999 оны эхээр шилжүүлэхээр болсон байна.