ХҮННҮ ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ - ЭКО НОГООН ТОГТВОРТОЙ ХОТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон бөгөөд тогтвортой хотын хөгжлийн үзэл баримтлал, цаашдын боломж, шинэ ажлын байр, логистик болон чөлөөт бүсийн хөгжлийн талаар мэдээлэл авах, санал бодлоо хуваалцах зорилг
Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон бөгөөд тогтвортой хотын хөгжлийн үзэл баримтлал, цаашдын боломж, шинэ ажлын байр, логистик болон чөлөөт бүсийн хөгжлийн талаар мэдээлэл авах, санал бодлоо хуваалцах зорилго бүхий хэлэлцүүлэг өнөөдөр /2026.08.19/ Ногоон бүсэд нээлттэй боллоо. Энэ үеэр Хүннү хотыг Улаанбаатар хотын төвлөрөл, хүн амын нягтаршил, агаар, хөрс, усны бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг бууруулахад чиглэсэн, орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ дагуул хотын загвар болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг танилцуулсан.

Тус хэлэлцүүлэгт панелистаар ажилласан Монгол Улсын Зөвлөх инженер Б.Батжав хэлэхдээ “Дэлхийн байгаль орчны хамгийн том арга хэмжээг Монголд зохион байгуулж байна. Дэлхийн нийт хүн амын 56 хувь нь хотуудад амьдардаг. Суурин хэв маягаар амьдарч буйгаар нь авч үзвэл, энэ тоо 81 хувьд хүрсэн. Тэгэхээр энэ их хүний амьдарч буй орчны асуудал дэлхийн тулгамдсан асуудал болсон. Тиймээс дэлхийн улс орнууд байгаль орчинд үзүүлж буй энэ сөрөг нөлөөг хотуудад хэрхэн, яаж бууруулах вэ, хүмүүсийн амьдралын чанарыг яаж сайжруулах вэ гэдэгт маш их анхаарал хандуулдаг болсон. Үүний тулд бусад улс орнууд шинэ, хуучин хотуудаа шинэчлэх тал дээр энэ зарчмыг баримталж байна. Улаанбаатар хотын хувьд ч ялгаагүй, агаар, хөрс, усны бохирдол гээд маш олон сөрөг нөлөөлөл бий болжээ. Харин Хүннү хотод дэлхийн улс орнуудад баримталж буй хот төлөвлөлтийн яг энэ зарчмыг баримталж, монголд хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Хүннү хотын төсөлд нийслэлд тулгараад байгаа эдгээр асуудлыг дагуул хотоор нь дамжуулж шийдэхийг зорьж байна. Мөн Хүннү хотын бас нэг онцлог нь, жижиг, том бүх төслүүдийг төлөвлөх шатнаас эхлээд хэрэгжүүлэх шатанд иргэд, оршин суугчид өөрсдөө оролцох боломжийг хангах зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл, оршин суугчид өөрсдийнхөө амьдралын орчинг, өөрийнхөө хотыг өөрсдөө байгуулах боломжийг олгож байгаа юм” гэв.
“Хүннү хот”-ын төлөвлөлтийн Олон Улсын уралдаанд “Амьд Од – Living Star” төслөөр оролцон, шилдгээр шалгарсан “Bechu and Associes” компанийн Зөвлөх архитектор Аlberto Zatta энэхүү хэлэлцүүлэгт оролцсон. Аlberto Zatta хэлэхдээ “Хүннү хот бол Нийслэл Улаанбаатарын шинэ дагуул хот болно. Хотын хамгийн чухал үндэс суурь, элемент бол ус. Ус бол хүний амьдрал төдийгүй байгаль дэлхийг бүрдүүлдэг үндсэн элемент. Миний хэлсэнчлэн, усгүйгээр бидэнд мөрөөдөл ч, амьдрал ч байхгүй. Энэ бол бүхэлдээ “биофили” (biophilia) буюу байгальтай холбогдох үзэл санааны философитой холбоотой гэж би боддог. Тйимээс ч бид төслийнхөө нэг гол тулгуурт үүнийг үндэс болгосон. Бидний хамгийн гол зорилго бол хэн нэгэнд зориулсан ерөнхий төсөл биш, зөвхөн Монгол Улсад, Монголын нөхцөлд зориулсан зүйл бүтээхэд оршиж байгаа юм” гэв.
COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэг нь Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ дэлхийн хотжилтын шинэ чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалалтай уялдсан хотын хөгжлийн шийдлийг Монголын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцсон ач холбогдолтой юм.
