УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

COP17 хурлын хүрээнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл бүрэлдэхүүн3: Бодлогын шинэчлэлийн баримт бичгийг хэлэлцэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлгийг Ногоон бүс дэх Өгөдэй танхимд нээлттэй зохион байгууллаа. Энэхүү хэ
COP17 хурлын хүрээнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл бүрэлдэхүүн3: Бодлогын шинэчлэлийн баримт бичгийг хэлэлцэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлгийг Ногоон бүс дэх Өгөдэй танхимд нээлттэй зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх COP17 хурлын зорилготой нийцэж байгаа юм.
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан гэсэн гурван эх үүсвэрийн санхүүжилтээр нийслэлийн гэр хорооллын бүс болох Шархад, Баянхошуу дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх багийн ахлагч, барилгын инженер Н.Гантулга төслийг танилцуулж, Ногоон орон сууцны дотоод орчны агаарын чанарын хэмжилт, барилгын амьдралын мөчлөгийн үнэлгээ зэрэг сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Товчхондоо, ногоон орон сууц гэдэг нь тухайн орон сууцанд ашигласан барилгын материалаас эхлээд ашиглалтад орсны дараах хэрэглээ хүртэлх бүхий л үе шатанд нөөцийг зохистой ашиглах, хэмнэх зарчимд тулгуурладаг. Энэ хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвийн орон сууцанд олон улсын EDGE гэрчилгээг нэвтрүүлсэн нь Монгол Улсад анхдагч бөгөөд уг технологи нь ердийн орон сууцтай харьцуулахад усны хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэх боломжтой.
Тиймээс цаашид Монгол Улсын хэмжээнд усны хэрэглээг хэмнэх асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, барилгын салбарт саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Ерөнхийдөө барилгын салбар нь хүлэмжийн хийн ялгарал харьцангуй өндөртэй салбарын нэг учраас ногоон технологийг түлхүү нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Өөрөөр хэлбэл, барилгын угсралтаас эхлээд ашиглалт, цаашлаад ашиглалтаас гарсны дараа барилгын материалыг дахин ашиглах хүртэлх бүхий л үе шатыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Иймд Монгол Улсын барилгын салбарт усны хэмнэлт бүхий технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх нь чухал” хэмээв.
Төслийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх багийн Зөвлөх инженер, ШУТИС-ийн Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр энэ үеэр Байгаль орчинд ээлтэй барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, барилгын гүйцэтгэлийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах систем, мөн эко хорооллын хэрэглээнд суурилсан тарифын шинжилгээний төслүүдийн талаар танилцуулсан. Тэрбээр ногоон барилгыг үнэлэх олон төрлийн аргачлал байдаг ч гол шалгуурын нэг нь эрчим хүчний хэрэглээ, үр ашигтай холбоотойг онцолсон. Тиймээс эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн техникийн шийдэл нэвтрүүлэхээс гадна бодлого, норм, стандартын түвшинд тодорхой шаардлага тусгах хэрэгтэйг тодотгов.
“Өнөөдөр айл өрхийн цахилгааны хэрэглээг тоолуураар хэмжиж, хэрэглэсэн хэмжээгээр нь төлбөр тооцоо хийдэг. Харин дулааны эрчим хүчний хэрэглээг ижил түвшинд нарийвчлан хэмжих, хянах боломж хязгаарлагдмал байна. Бодит хэрэглээгээр нь авч үзвэл, айл өрх цахилгаанаас хэд дахин их хэмжээний дулааны эрчим хүч хэрэглэдэг боловч дулааны төлбөрийг ихэвчлэн хэрэглэсэн эрчим хүчний хэмжээгээр бус, орон сууцны талбайн хэмжээгээр тооцдог. Энэ нь хэрэглээг хянах, эрчим хүч хэмнэх иргэдийн сонирхлыг бууруулдаг. Иймээс дулааны хэрэглээг тоолууржуулж, хэрэглэсэн хэмжээнд нь үндэслэн төлбөр тооцдог тогтолцоонд үе шаттай шилжих шаардлагатай. Ингэснээр иргэд өөрсдийн хэрэглээг бодитоор мэдэж, эрчим хүчээ хэмнэх, хэрэглээгээ зохистой төлөвлөх боломж бүрдэнэ. Гэхдээ тоолууржуулалтыг зөвхөн бүх хэрэглэгчид суурилуулах бус, хаана, ямар төрлийн тоолуур суурилуулах, хэрэглээг хэрхэн зөв хуваарилах зэрэг техникийн болон зохион байгуулалтын шийдлийг оновчтой сонгох нь чухал” хэмээв. Мөн гэр хорооллын айл өрхүүд дулааныг бие даан шийдвэрлэхдээ орон сууцны хэрэглэгчдээс харьцангуй өндөр зардал гаргаж байна. Тиймээс дулааны эрчим хүчний тарифыг бодит өртөг, хэрэглээтэй нь уялдуулах, хэрэглээнд суурилсан төлбөрийн зарчимд шилжих нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглээг бууруулахад чухал алхам болно” гэсэн юм.
Тус хэлэлцүүлгээр барилгын салбарын бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор төслийн хүрээнд боловсруулсан баримт бичгүүдийг оролцогч талуудад танилцуулж, санал дүгнэлтийг тусган баталгаажуулах замаар байгаль орчин ба хүнд ээлтэй барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, ус болон эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдлыг сурталчлаилж, ногоон барилгын хөгжлийн экосистемийг дэмжихэд чиглэжээ.