“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” НЬ АЖ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИК, ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХИЙ ШИНЭ ДАГУУЛ ХОТ БОЛНО

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулж байна
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур болон малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах боловсруулах үйлдвэр, хүнсний агуулах гэсэн хоёр хэсэг бүхий нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.
Тус байршилд зөвхөн үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлэх бус, аж үйлдвэр, дэд бүтэц, ложистик, хөдөлмөр эрхлэлт, экспортын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлсэн шинэ дагуул хот болох зорилготойг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн газрын Хяналтын хэлтсийн цахилгааны инженер А.Мөнхтулга танилцуулав. Тэрбээр “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүд нь агаар болон хөрсний бохирдол үүсгэж байна. Үйлдвэрүүдийг паркт төвлөрүүлэх ажлын хүрээнд “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан. Тухайн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа газрыг нь нөхөн сэргээж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлнэ. Паркийн эхний ээлжийн үйлдвэрүүд 2028 оны II улиралд ашиглалтад орно” гэв. Мөн тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр мод тарьж, 16.6 га талбайд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зорьж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн загвар зургийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн бөгөөд дэд бүтцийн бэлтгэл суурь ажлууд үргэлжилж байна. Түүнчлэн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа, бизнес инкубатор болон сургалтын төвийн бүтээн байгуулалтыг хийж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркт төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтыг 6-7 жилийн хугацаанд нөхөх, 1.72 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, улсын болон нийслэлийн төсөвт 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.