Мерида хотод хэрэгжиж буй IE-TRAM цахилгаан автобус

Дэлхийн хотууд эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ухаалаг нийтийн тээврийг сонгож байна. Үүний нэг нь цахилгаан хөдөлгүүрт автобусны систем буюу буй IE-TRAM юм. IE-TRAM нь гадна хийц, зорчигчийн багтаамж, тав тухын ху
Дэлхийн хотууд эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ухаалаг нийтийн тээврийг сонгож байна. Үүний нэг нь цахилгаан хөдөлгүүрт автобусны систем буюу буй IE-TRAM юм.
IE-TRAM нь гадна хийц, зорчигчийн багтаамж, тав тухын хувьд трамвайг санагдуулах боловч төмөр зам шаарддаггүй, батарейгаар ажилладаг, 100 хувь цахилгаан автобус юм. Өөрөөр хэлбэл трамвайн давуу тал болох орчин үеийн дизайн, тав тух, их багтаамжийг автобусны уян хатан чиглэл, замын сүлжээтэй хослуулсан шийдэл гэж хэлж болно.
Өнөөдрийн мэдээнд, Мексикийн Юкатан мужийн нийслэл Мерида хотод хэрэгжиж буй IE-TRAM цахилгаан автобусны системийг онцолъё.
Мексикийн Юкатан муж IE-TRAM-ийг нийтийн тээврийн системд нэвтрүүлж, Мерида хотыг Канаcин, Уман хотууд болон Маяагийн галт тэрэгний буудлуудтайгаа холбожээ. Юкатаны Тээврийн агентлагийн мэдээлснээр, эдгээр чиглэлүүдийн нийт урт 100 гаруй километр бөгөөд сүлжээ нь Мерида хотын 137 гаруй хорооллыг хамардаг аж.
IE-TRAM нь ойролцоогоор 12 метр урт бөгөөд нэг автобусанд 100 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой. Мөн нам шалтай тул өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сууж, буухад илүү хүртээмжтэй байдлаар зохион бүтээгджээ. Түүнчлэн агааржуулалт, USB хурдан цэнэглэгч, Wi-Fi, цахим төлбөрийн систем, бодит цагийн байршил харах боломж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх камерын систем зэрэг орчин үеийн тоноглолтой. Батарейн систем нь нэг цэнэглэлтээр хэдэн зуун километрийн зайд ажиллах боломжтой бөгөөд маршрутын зарим хэсэгт пантограф ашиглан хурдан цэнэглэх дэд бүтэц суурилуулдаг ажээ.
IE-TRAM нь зөвхөн автобус худалдан авах төсөл бус, тусгай эгнээ, буудал, гэрлэн дохио, цэнэглэх байгууламж, цахим төлбөр, нэгдсэн удирдлагын систем зэрэг олон бүрэлдэхүүнтэй хотын хөдөлгөөнт байдлын цогц шийдэл юм. Мексикийн улсын төслийн мэдээллийн санд уг системийн хүрээнд хамгийн багадаа 32 цахилгаан автобус шаардлагатай бөгөөд төслийн тооцоолсон хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 22 сая ам.доллар хэмээн бичигдсэн байна.