transport

"Улаанбаатар метро" төсөл: Түгээмэл АСУУЛТ, ХАРИУЛТ

2026.09.18101 үзсэн
"Улаанбаатар метро" төсөл: Түгээмэл АСУУЛТ, ХАРИУЛТ

Төслийн хүрээнд олон нийтээс асууж тодруулдаг дараах сэдвээр тайлбар мэдээлэл хүргэж байна. Улаанбаатарын хөрс, газрын нөхцөл нь метро барихад хэр тохиромжтой вэ? Төсөл хэрэгжүүлэх суурь судалгааны ажлын хүрээнд трасс да

Төслийн хүрээнд олон нийтээс асууж тодруулдаг дараах сэдвээр тайлбар мэдээлэл хүргэж байна.

Улаанбаатарын хөрс, газрын нөхцөл нь метро барихад хэр тохиромжтой вэ?

Төсөл хэрэгжүүлэх суурь судалгааны ажлын хүрээнд трасс дагуух газар шорооны шинж чанарыг судлах геологийн өрөмдлөг хийж, гидрогеологи буюу усны судалгааг хийсэн. Ингэхдээ 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд өрөмдсөн бөгөөд тухайн газар нь ямар хөрстэй, ямар бүтэц, шинж чанартайг шинжилж тодорхойлсон. Тус шинжилгээнд тулгуурлан туннелийн нүх ухах машины төрлийг сонгодог байна.  Slurry shield TBM, Earth pressure balance TBM гэх хоёр төрлийн туннелийн нүх ухах машин байдгаас Улаанбаатарын хөрсний шинж чанарт Earth pressure balance TBM буюу “Хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин” тохиромжтой хэмээн тооцоолжээ. Улаанбаатарын хөрсний шинж чанар нь туннель барьж байгуулахад тохиромжтой буюу итгэлцүүрийн коэффицент 23-аас дээш гарсан нь хангалттай, өндөр үзүүлэлт аж.

Метроны цахилгааны эх үүсвэр, нөөц эрчим хүчийг хэрхэн шийдэх вэ? 

Метроны шугамын Толгойт болон Амгалан өртөө депогийн дэд станцууд нь түгээх зориулалтаар байрлаж, гаднаас ирэх цахилгаан эрчим хүчийг хүлээн авч метроны шугамд дамжуулах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр хоёр түгээх дэд станцын хооронд, өртөө хоорондын зайд дамжуулах зориулалт бүхий шулуутгагчтай дөрвөн дэд станц байршиж, цахилгаан эрчим хүчийг шат дараатайгаар дамжуулан түгээх зохион байгуулалттай байх юм. Толгойт болон Амгалан дэд станцуудаас авсан цахилгаан эрчим хүч нь метроны голын дөрвөн дэд станцаар дамжин нийт шугам даяар жигд тархаж, хөдлөх бүрэлдэхүүнийг тогтмол, тогтвортой тэжээлээр хангана. Уг цахилгаан дамжуулалт, түгээлтийн нэгдсэн системээр өртөөний барилга байгууламж, туннель, депо, метроны маршрут дагуух инженерийн дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, мөн хөдөлгөөнийг удирдах, хянах төв зэрэг метроны шугамын бүх хэсгийг найдвартай, тасралтгүй, аюулгүй эх үүсгүүрээр хангахаар төлөвлөсөн юм. Метроны зүтгүүр нь Цахилгаан эрчим хүчний системийн дамжуулах дэд станцаас агаарын шугамаар ирэх 110кВ өндөр хүчдэлийг эхлээд 110/20 кВ болгон бууруулж, дараа нь шулуутгагчтай дэд станцад 1500В-ын тогтмол гүйдэл болгон дахин хувиргасан хүчдэлээр ажилладаг. Тогтмол гүйдлийн цахилгаан эрчим хүчийг галт тэрэгний дээд хэсэгт байрлах пантографын тусламжтайгаар хүлээн авч метроны цахилгаан хөдөлгүүрийг тэжээснээр галт тэрэг хөдлөж, ажиллах боломжтой болдог байна.

Artboard 3 (49).jpg

Цахилгаан тасарвал зорчигчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? 

Метроны хэвийн, аюулгүй ажиллагааг хангахын тулд өртөө бүрт нөөц цахилгаан үүсгүүр суурилуулна. Цахилгаан тасарвал дизель генератор автоматаар асч
300–400кВт чадалтай генераторууд 2 цагаас доошгүй хугацаанд тасралтгүй цахилгаанаар хангана. Нөөц цахилгаанаар агааржуулалтын систем, галын дохиоллын автомат систем, дохиоллын систем, лифт, туннелийн  гэрэлтүүлэг, зорчигчдын аюулгүй байдлыг хангана.

Төсөл хэзээ бодитоор эхэлж, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ? 

Төслийг хоёр багцад хуваан хэрэгжүүлнэ. Багц I-ийн ажлыг EPC+F нөхцөлөөр зарлаж, тендерийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээхээр төлөвлөсөн. Ингэснээр Багц I-ийн барилга угсралтын гүйцэтгэгч болон түүнтэй холбоотой санхүүжилтийн санал тодорхой болно. Багц II-ийн санхүүжилтийг олон талт хөгжлийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээр шийдвэрлэх чиглэлээр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-тай нягт хамтран ажиллаж байна. Төслийн гадаад зээлээр санхүүжүүлэхгүй хэсэгт шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн төсөвт үе шаттайгаар тусган ажиллаж байна. Нарийвчилсан зураг төслийн ажлыг Багц I-ийн гүйцэтгэгч шалгарсны дараа буюу 2026 оны IV улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2027 оны III–IV улиралд дуусгахаар тооцож байна. Үүнтэй зэрэгцүүлэн Багц II-ийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, зарлахаар төлөвлөсөн.

Ашиглалтад орох хугацаанд өөрчлөлт орсон уу?

Төсөл эхэлснээс хойш 60 сарын хугацаанд бүтээн байгуулалт хийнэ. Одоогийн байдлаар 2027 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж 2032 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Artboard 5 (22).jpg

Газар хөдлөлт, хөрс, үер болон ойр орчмын барилга байгууламжид үзүүлэх нөлөөг судалсан уу?

Метро барих газрын хөрс, газрын доорх ус, газар хөдлөлт, үерийн эрсдэл болон барилгын ажлаас ойр орчмын барилгуудад үзүүлэх нөлөөллийг ТЭЗҮ-ийн шатанд судалсан.

Харин барилгын ажил эхлэхээс өмнө тухайн өртөө, туннель бүр дээр илүү нарийвчилсан геотехникийн тооцоо, барилгын нөхцөл байдлын судалгаа хийж, барилгын явцад суулт, чичиргээг тогтмол хянана. Ажлын зургийн шатанд тооцоолол хийгдэнэ.

Artboard 4 (29).jpg

 

Үер, ус зайлуулах асуудлыг ямар инженерийн шийдлээр хамгаалах вэ? 

Өртөөний орц гарц нь газрын түвшнээс өндөрт байрлана. Үерийн түвшин тэрнээс давсан тохиолдолд орцны хэсэгт үерээс хамгаалах, автоматаар өргөгддөг хашлагаар тоноглогдох юм. Метроны өртөө рүү үерийн ус орох эрсдэлийг тооцоолсон бөгөөд туннел, болон өртөөний хамгийн  доод цэгүүд дээр ус цуглуулах худгууд байрлаж байгаа ба ус зайлуулах бохирын өргөгч насос ажиллана.

Төслийн нийт төсөв, ашиглалтын зардал, шаардлагатай дэд бүтэц болон зардлыг хэн хариуцах тооцоо байна уу? 

Шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн тооцооллоор төслийн бүтээн байгуулалтын нийт өртөг 2,389.83 сая ам.доллар бөгөөд уг дүнд нарийвчилсан зураг төсөл, барилга, архитектур, зам төмөр, системийн интеграцийн ажил, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлууд багтсан.

Төсөл ашиглалтад орсны дараа метроны үйл ажиллагааг тусгайлсан оператор байгууллага хариуцна. Тасалбарын болон тасалбарын бус орлого жилд дунджаар 203.72 сая ам.долларт хүрэхээр шинэчлэгдсэн ТЭЗҮ-д тусгагдсан.

Мөн урт хугацааны ашиглалт, шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд 2040 онд зорчилт эрэлтээс шалтгаалж хөдлөх бүрэлдэхүүний тоог 12-оор нэмэх, 2049 онд хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл хийх, 2054 онд парк замын их засвар, шинэчлэлийн ажлыг метроны үйл ажиллагаанаас хуримтлагдсан орлогоор санхүүжүүлэн хэрэгжүүлэх зэрэг стратеги төлөвлөлтөөр ажиллана.

УИД–Сүхбаатарын талбай хооронд хэдий хугацаанд явах, Ганданд буудал хаана байрлах вэ? 

Улаанбаатар метро нь зорчигчдыг Толгойт өртөөнөөс Амгалан хүртэл 31,25 минутад тээвэрлэнэ. Хоёр өртөө хооронд зорчих хугацаа 2,2 минут байх юм. УИД-ээс Сүхбаатарын талбайн метроны өртөө хооронд 0,9 км бөгөөд энэ зайг 2,2 минутад туулах бөгөөд 3,5 минут тутамд дараагийн галт тэрэг ирнэ.

Гандан орчимд метроны өртөө төлөвлөсөн бөгөөд Баруун 4 замд байрлана. Зорчиход хялбар байх үүднээс баруун 4 замын өртөө нь 4 талдаа орц гарцтай байх юм. Ингэсэнээр явган хүний гарцыг ч давхар шийднэ.

Байгаль орчны төлөв байдлын судалгааг хийсэн үү?

Байгаль орчин нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Эко Натур ХХК боловсруулж, БОУАӨЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн. Олон Улсын стандартын дагуу Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан буюу ESIA-г INOGEN ALLIENCE LLC гүйцэтгэж 2025 оны 11-р сарын 28-ны өдөр дуусгасан. 

Төслийн нөлөөлөлд өртөж буй өрхийн судалгааг хийсэн үү?

Төслийн хүрээнд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 335 өрхийг хамруулсан судалгаа хийхэд дийлэнх нь авто замын түгжрэлийг бууруулах, цаг хэмнэх, хурдан шуурхай зорчих, хол зайд явах зэрэгт хамгийн хэрэгтэй тээврийн хэрэгсэл болно хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн дүүрэг хороодын иргэд, холбогдох төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

 

 

 

 

Command Palette

Search for a command to run...