Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх Нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Улаанбаатар хотын төмөр замаар тусгаарлагдсан хойд, урд хэсгийг авто замаар холбож, замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх Нүхэн гарцуудыг байгуулж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв л
Улаанбаатар хотын төмөр замаар тусгаарлагдсан хойд, урд хэсгийг авто замаар холбож, замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх Нүхэн гарцуудыг байгуулж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд барьж буй Нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус төсөл нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, мөн Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр замын доогуур баригдах, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой 5 метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарц бүхий цогц бүтээн байгуулалт юм. Шинэ зам ашиглалтад орсноор өдөрт ойролцоогоор 31 мянган автомашин зорчих боломжтой болж, Сонсголон болон Гурвалжингийн гүүр орчмын замын хөдөлгөөний ачааллыг хуваалцах ач холбогдолтой.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр /2026.09.24/ төслийн талбайд ажилласан бөгөөд төсөлд оролцож буй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, барилгын ажлыг эрчимжүүлэн, ажлын явцыг шуурхай зохион байгуулах шаардлагатайг онцлоод 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх үүрэг чиглэл өглөө. Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоогийн мэдээлснээр, өмнө нь аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлөлт болон үүнтэй холбоотой шүүхийн маргааны улмаас барилгын ажлын гүйцэтгэл удааширсан. Харин одоо газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан бөгөөд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байгааг танилцуулав. Түүнчлэн төслийн хүрээнд зөвхөн авто зам барихаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг цогцоор нь байгуулах юм.
Ингэснээр төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулж, хотын хойд, урд хэсгийн авто замын холбоосыг нэмэгдүүлнэ.