Туул усан цогцолбор төсөл: Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болно

Улаанбаатар хотын ус хангамж 2040 онд 350-400 мянган м3/хон болох судалгааны таамаглалууд гарсан бөгөөд хүн ам, үйлдвэрлэлийн ус хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэм
Улаанбаатар хотын ус хангамж 2040 онд 350-400 мянган м3/хон болох судалгааны таамаглалууд гарсан бөгөөд хүн ам, үйлдвэрлэлийн ус хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор газар доорх болон гадаргын усны судалгааг эрчимжүүлж, усны нөөц, тэр дундаа ашиглалтын нөөцийг баталгаажуулах чиглэлээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг 2025–2033 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлууд хийгдэж байна. Туул усан цогцолбор нь ойролцоогоор 50–100 сая м³ ус хуримтлуулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд үүнээс 50 сая м³ хүртэлх усыг ус цэвэршүүлэх үйлдвэрээр дамжуулан Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээнд нийлүүлэхээр тооцоолж байна. Төслийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр хурдасны гүн 19.84 метр байна.
Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгохоос гадна дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цаашлаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэх юм.
Туул голын дагуух үерийн хамгаалалтын далан, суваг, бэхэлгээний байгууламжуудын ашиглалтын байдал ямар байгаа вэ? Шинэчлэл хийх шаардлагатай хэдэн байгууламж байна вэ?
Туул голын үерийн хамгаалалтын даланг 1966–1967 оны их үерийн дараа барьж эхэлсэн бөгөөд 1967–1975 онд нийт 23.0 км урт далан байгуулсан байна. Тус далан нь ойролцоогоор 3 метр өндөр, 3 метрийн өргөн хяртай шороон далан бөгөөд голын устай харьцах талын хэсгийг цементэн зуурмагтай чулуун өрлөг болон төмөр бетон хавтангаар бэхэлсэн хийцтэй. Гэвч уг байгууламж нь 40 гаруй жилийн насжилттай бөгөөд бага хэмжээний хэсэгчилсэн урсгал засварыг эс тооцвол үндсэн засвар, үйлчилгээ хангалттай хийгдээгүй байна.

Нийслэлийн ус хангамжид ямар хэмжээний нэмэлт нөөц бүрдүүлэх вэ?
Туул усан цогцолборын даланд 100 сая м³ хүртэл ус хуримтлуулах боломжтой бөгөөд үүнээс 50 сая м³ орчим усыг ус цэвэршүүлэх үйлдвэрээр дамжуулан Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг нэмэгдүүлж, өнөөгийн газрын доорх усны эх үүсвэрт үзүүлэх ачааллыг бууруулах боломж бүрдэнэ.
Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ хэд вэ? Санхүүжилтийг ямар эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
Төслийн I үе шат буюу усан сангийн боомт барих ажилд урьдчилсан байдлаар 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолж байна. Санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынханд ямар ач холбогдолтой вэ?
Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын усны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлж, ус тасалдах болон усны хомсдолоос үүдэх эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Мөн усан цогцолбор нь үерийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж, хотын шинэ бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын цаашдын хөгжлийг дэмжих дэд бүтцийн суурь нөхцөл болно.
Түүнчлэн усан сан, түүний орчимд аялал жуулчлал, амралт, чөлөөт цагийн зориулалттай эко орчин бүрдүүлэх боломжтой бөгөөд дотоодын болон гадаадын жуулчдыг татах шинэ аялал жуулчлалын цэг бий болох ач холбогдолтой.
Хүн амыг найдвартай ус хангамжаар хангана” гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь газрын доорх ус байна. Харин Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр гадаргын усны нөөцийг хуримтлуулж, зохих технологийн дагуу цэвэршүүлэн Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хотын ус хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлж, газрын доорх усны нөөцөд үзүүлэх дарамтыг бууруулахын зэрэгцээ усны хэрэглээ өсөх хэтийн төлөвтэй уялдуулан иргэдийн ус хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
